Х.Нямбаатар: Нийслэлийн төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгоно

.Graph
2025-06-17

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар цаг үеийн нөхцөл байдлын хүрээнд зарим асуултад хариуллаа. 

-Улсын төсөв тодотговол нийслэлийн төсвийг тодотгож, мега төслүүдээ эрэмбэлэн, хасах уу?

-Улсын төсвийг тодотговол нийслэлийн төсвийг тодотгох байх. Одоогоор нийслэлийн орлого улсын төсөв шиг тийм томоор тасалдаагүй байна. Нийслэлийн том төслүүдийн талаас илүү хувийг төр хувийн хэвшлийн түншлэлээр явуулж байгаа.

Тэгэхээр том төслүүдийн төсөв дээр тодотгол хийх шаардлагагүй. Харин нийслэлийн  төрийн албан хаагчдыг 9 орчим хувиар цомхотгож, төсөвт тодотгол хийхээр байгаа.

Санхүүжилтийн асуудлыг шийдэх 2-3 төсөл байгаа. Тухайлбал, тойрог хурдны замын ТЭЗҮ дууссан. Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээ дууссан. Метроных дууссан. Трамвайных дууссан. Энэ гурван төслийг хольсон байдлаар явуулахаар гадаад, дотоод уулзалтуудыг хийж байна. Туулын хурдны замын төсвийг хот өөрөө дааж байгаа. Тойрог хурдны замын санхүүжилтийн 15 хувийг хот гаргаад, үлдсэн 85 хувийг нь 10-аас дээш жилийн хугацаатай экзим банкны зээл авахаар төлөвлөсөн. Үүнд Засгийн газрын баталгаа шаардлагатай бөгөөд баталгааны дүн энэ долоо хоногт эцэслэгдэнэ. Ойролцоогоор 500 орчим сая долларын баталгаа гаргах байх. Туулын хурдны зам, Тойрог хурдны зам нийлэхээрээ 50 орчим хувиар түгжрэлийн нөлөөллийг бууруулна. Эргэн төлөлтөө 10 гаруй жилийн хугацаанд замын сангийн хураамжаар төлөх боломжтой гэх судалгаа хийсэн.

-Энэ өвөл Улаанбаатарчууд хөлдөх үү?

-Бурхны авралаар өнгөрсөн жил хот хэдэн төгрөг босгож, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийсэн. Түүний хүчээр нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 350 мВатт болж өргөссөн. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажил графикийн дагуу явж байгаа. Янз бүрийн осол гэмтэл гарчихгүй бол бид энэ өвөл цахилгаан эрчим хүч тал дээр дутагдалтгүй өвөлжинө. Харин дулааны хувьд асуудалтай байгаа. Саяхан шатсан 9-р турбины зуух нь бүтэн шатаагүй байгаа учраас зуухан дээр нь технологийн горимын хувьд өөрчлөлт оруулаад, шууд халуун усаа эргүүлж энэ өвлийг давахаар ярьж байна. Харин турбин генератораа захиалаад тендерийн дагуу явна. 

Долоодугаар сард “ТЭЦ-5”-ын тендер нээгдэнэ. Энэ бол амин чухал ажил. Дулааны болон цахилгааны найдвартай эх үүсвэрийг шийдэх чухал төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөн, тендерээ зарласан. Одоогоор 4 аж ахуйн нэгжийн материалыг хүлээж аваад байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр барилга байгууламж баригдах талбайд ажиллаж, геологийн дүгнэлт, тодорхойлолт, хөрсний шинжилгээний дүнгээ сонирхогч этгээдүүдэд танилцуулсан. 

-"Авлига" хорооллын дулаан, цахилгааныг хязгаарлаж болохгүй юу. Тухайн хорооллын хоёр блокийг нураах ажил ямар шатанд явж байна?

-"Авлига" хорооллын хувьд урд талын хоёр блок барилгыг буулгах захирамж хүчинтэй байгаа. Захиргааны хэргийн шүүхээс түдгэлзүүлсэн шийдвэр ирчихсэн.

Тэр 2 блок дээр гэрчилгээ гарахгүй.

Шүүхийг шүүхээс асуух хэрэгтэй. Хот дээр дулаан, цахилгааны нэг ч зөвшөөрлийн тогтолцоо байхгүй. Бүгд Эрчим хүчний яам дээр байдаг тул тухайн барилгын дулаан, цахилгааныг хязгаарлах, таслах боломжгүй. 

-Энэ өвөл дахиад сайжруулсан түлшээ түлж, угаартах уу?

-Энэ өвөл сайжруулсан түлш төлөхгүй, хагас коксжуулсан түлш түлнэ. Эхний ээлжид гадаадаас шууд худалдан авалт хийнэ. Зуух солихгүй. Айлууд дээр туршиж байгаа.   

Түүнчлэн тэрбээр “Өнгөрсөн жилийн их хэмжээний дахин ашиглах боломжтой бордюруудыг аймгууд руу акталж шилжүүлсэн” гэдгийг онцолсон юм. Мөн  “Төв цэнгэлдэхийн хиймэл зүлэг дээр 6 сарын сүүлээр туршилтын барилдаан хийлгэж, бороо орохгүй бол хиймлээр бороо оруулж халтирч байгаа эсэхийг туршина” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe