Палеонтологич М.Болорцэцэгийг BBC онцолллоо

Ц.Чимэдцэеэ
2025-06-17

АНУ-ын Нью-Йорк хотын Байгалийн түүхийн музейн палеонтологич, National Geographic сэтгүүлийн судлаач, Монголын үлэг гүрвэлийн музейн үндэслэгч, палеонтологич М.Болорцэцэгийг BBC World Service хэмээх дэлхийн мэдээ, мэдээллийг түгээдэг суваг онцолжээ.

М.Болорцэцэг дээрх сувгийн The Conversation радио нэвтрүүлэгт Өмнөд Африкийн палеонтологич Анузуя Чинсами-Туран(Anusuya Chinsamy-Turan)-тай ярилцсан байна.

Тус нэвтрүүлэг хоёр өөр зан заншил, итгэл үнэмшилтэй, олон улсын эмэгтэй мэргэжилтнүүдийг урьж, тэдний туршлага, мэдлэг, амьдралын түүхийг хуваалцан онцлог ондоошлоороо ялгарсан ч нэг шийдэлд хүрдгээрээ онцлог юм.

Тэгвэл  BBC World Service М.Болорцэцэгийг талаар юу гэж бичсэнийг сийрүүлье.

Монгол эмэгтэй палеонтологич динозаврын өвийг эх орондоо буцаан авчирч байна

Монголын нэрт палеонтологич доктор Минжингийн Болорцэцэг эх орныхоо байгалийн үнэт өв болох үлэг гүрвэлийн чулуужсан олдворуудыг хамгаалан, буцаан авчрах үйлсэд өөрийн амьдралаа зориулсаар байна.

Болорцэцэг палеонтологич аавынхаа ачаар бага наснаасаа үлэг гүрвэлд дурласан ч мэргэжлийнхээ замд олон бэрхшээл тулгарч байв. “Ер нь бол палеонтологич гэдэг мэргэжлийг эрэгтэй хүний ажил гэж боддог. Миний ээж хүртэл тэгж боддог байсан” хэмээн тэр дурссан.

Гэвч өөрийн авьяас чадвараа хурдан хугацаанд баталсан юм. Говь цөлийн нэг долоо хоногийн судалгаанд л гэхэд 80 сая жилийн настай, Цэрдийн галавын үед хамаарах 67 ширхэг үлэг гүрвэлийн чулуужсан олдвор илрүүлжээ. “Үнэхээр сэтгэл хөдөлгөм нээлт байсан. Гэхдээ чулуужсан олдвор хайх гэдэг бол цагаа зарцуулж, тэвчээртэй, удаан алхах шаардлагатай ажил” хэмээн хэлсэн.

Тэр анхны олдвороо олсон мөчөө хэзээ ч мартахгүй гэж ярьдаг. “Яг тэр мөчид би ‘Өө, бурхан минь! Би ийм эртний амьтныг олчихлоо’ гэж бодсон. Энэ бол хэзээ ч мартдаггүй агшин”

2007 онд Болорцэцэг Монголын үлэг гүрвэлийн судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулсан нь залуу палеонтологичдыг дэмжих зорилготой байсан юм. Тэрээр өөрийгөө болон үе тэнгийн судлаачдаа залуу байхдаа ийм дэмжлэгтэй байсан бол хэмээн боддог ажээ.

2015 онд АНУ-ын Байгалийн түүхийн музейн хандивласан автобусыг Монголд авч ирэхийн тулд Болорцэцэг өөрөө хөрөнгө босгож, улмаар тухайн автобусыг Монголын анхны хөдөлгөөнт үлэг гүрвэлийн музей болгон хувиргажээ. Энэхүү музей нь орон нутгийн алслагдсан бүс нутгийн хүүхдүүдэд чулуужсан олдворыг үзүүлэн, газар дээр нь гардан сургах боломж олгож байна.

Түүнчлэн Болорцэцэг нь хууль бус чулуужсан олдворын наймааны эсрэг тууштай тэмцэгч бөгөөд Монгол Улсаас хууль бусаар гарсан 70 гаруй үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг эх оронд нь буцаан авчрахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

“Үлэг гүрвэлийн олдворууд орон нутгийн иргэдийн дунд байснаар маш олон хүүхдийг сонирхуулахын зэрэгцээ олон жуулчдыг татаж чадна” хэмээн тэрээр онцлон тэмдэглэв.

Эцэст нь, доктор Болорцэцэг Монголын байгалийн өвийг хамгаалж, залуу үедээ урам зориг өгөх үйлсэд бүхий л хүч чадлаа зориулсаар байна.

BBC World Service

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe