Үйлдвэрийн ажилчдын бослогыг удирдаж, түүнийг өргөжүүлэн Польш даяар эрх чөлөөний төлөөх Солидар хөдөлгөөн болгож, сүүлдээ дэлхийн бөмбөрцгийн соц блокоор халдварлаж, дарангуйллыг нураахад онцгой нэмэр оруулсан түүхэн хүн, Польшийн Ерөнхийлөгч, Энхтайваны Нобелийн шагналт Лех Валенса “Хамгийн гол нь дарга нарыг сольж чаддаг байх. Солигдохгүй, сольё гээд ч чадахаа байвал ардчилал үгүй болж байна гэж ойлгоорой” гэжээ.
Бид нэг “даргаа” сольж чадлаа. Болохгүй бол дахиад л “сольж” чадах итгэл төрөв.
Өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хамгийн их суудал авсан гурван нам Хамтарсан Засгийн газар байгуулах үед хэзээ ч ганхахгүй, огцрохгүй мэт л төсөөлж байв. Парламентын 90 гаруй хувь нь нэг талдаа гарчихсан учир сөрөг хүчин гэх ойлголт Монголын парламентаас арчигдах дөхсөн. Өөрсдийнх нь сонгосон төлөөллүүд хянаж чадахгүй бүүр хүсэхгүй байгааг ойлгосон бид ажил, амьдралынхаа хажуугаар сөрөг хүчний ажлыг давхар хийх ёстойгоос ухаарч байв. Гэхдээ арга ухаанаа нэг л олохгүй байх үед хэсэг залуус нэгдэж жагсаалыг эхлүүлснийг санаж байна. 2-3 хүнээс эхэлсэн жагсаал бүхэл бүтэн 22 хоног үргэлжилж, улс төрийн оролцооны, тэмцлийн шинэ жишгийг тогтоож чадсан. Сонгуульд оролцуулах, саналыг нь өгүүлэх гэж хамгийн ихээр толгойгоо гашилгадаг залуус хэний ч шахалтгүйгээр хэдэн мянгуулаа жагсаж, өөрсдийнхөө дүрмээр улс төрийг хийгээд орхисон. Одоо цааш тэдний дүрмээр явах нь ч тодорхой болов.
Энэ #ОгцрохАмархан жагсаалын хамгийн том тунхаглал байлаа.
IRIM судалгааны хүрээлэнгээс 2024 онд “Монгол Улсад зохион байгуулагдсан жагсаал, цуглааны кэйс судалгаа”-г хийжээ. Манай оронд 2020-2022 оны хооронд 710 жагсаал, цуглаан зохион байгуулагдсан байна. Хоёрхон жилийн дотор энэ бол маш том тоо. Монголчууд тэмцэгч ард түмэн юм биш үү гэх дүгнэлт хийхэд ч хүргэнэ. Гэхдээ жагсаал бүхэн зорилгоо биелүүлж байсан уу? гэвэл өрөөсгөл. Жагсаалын зорилго тодорхойгүй, зохион байгуулалт сул, хэнээс ямар үр дүн хүлээж байгаа нь ч бүрхэг байсан болохоор үр дүнд хүрч чадалгүй, үймээн самуунаар дуусах нь элбэг байжээ. Тэгвэл хэнээс юу шаардаж байгаа нь маш тодорхой, нийгмийн үнэт зүйлийг хамгаалсан, залуус улс төрийн оролцоогоо баталгаажуулж, сэргээсэн гэвэл өнгөрсөн сард өрнөсөн #ОгцрохАмархан жагсаал гэдэгтээ маргах хүн үгүй биз.
#ОгцрохАмархан жагсаал анхны зорилгоосоо гадна давхар доорх үр дүнд хүрч чадсан.
1. “Төрийн” найруулагчийг ажлаас нь халлаа. Түүний баг хэн нэгэн дайсныг хуурамч мэдээллээр хачирлан “төрүүлж”, мэдээллийн нэг чигийн урсгалаар нийгмийг талцал хуваагдалд уриалж, чиглүүлж чадсаар ирсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл шүү. Үндэсний хэмжээний 20 телевизээр улс төрийн захиалгат аллагын хэрэгтэнг хүсээгүй ч үзэж байсан аймшигт өдрүүд ард үлдсэн. Энэ мэт улс төрийн хуучин PR-ийн технологи үйлчлэхээ больж, залуус өөрсдийн шинэ дүрмээр улс төр хийхээ тунхаглав. Энэ бол улс төрийн шинэ соёл, жишиг.
2. Иргэдийн сонголт, үзэл бодол, хүсэл сонирхлыг басамжилж, үл тоодог улстөрчид, улс төрийн намуудад хатуухан сануулга өглөө. Дүрмийн бус Хамтарсан Засгийн газраас ямар ч болсон хамгийн том сөрөг хүчнээ “аварч” чадлаа. АН өөрсдийн ухамсраар Хамтарсан Засгийн газраас гарсан гэхээс илүүтэй олон нийтийн шахалт, 2028 оны сонгуулийн үр дүнгээ тооцоолсон нь мэдээж. Хэрэв тэд анхнаасаа ухамсарлаж, олон нийтийн сонголтыг хүндэтгэж байсан бол Хамтарсан Засгийн газарт орох саналаас татгалзах л байсан.
3. Даргыг сольж чаддаг гэдгийг нотлов. Лех Валенсагийн хэлдгээр шинэ ардчиллыг бүтээж, хөгжүүлж байгаагаа залуус мэдсэн болов уу?. Шинэ ардчиллын хамгийн том илэрхийлэмж бол эрх мэдэлтэй даргыг сольж чаддаг байх. Богдан Борусевич ч мөн яагаад ч ховхордоггүй даргыг сольж чаддаг цагт ардчилал амьд байна гэдгийг онцолсон байдаг. Гэхдээ залуус энэ жагсаалыг ямар эрх ашиг өөртөө нааж, юунд хүрэхээр тэмүүлж байгааг мэдэж байсан ч анхны зорилгоосоо ухраагүй ахиад ч солих итгэлтэйгээр тэмцлээ үргэлжлүүлж байв. Энэ бол юу хүсэж байгаагаа хамгийн сайн мэдэж байгаагийн илрэл юм.
Дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх, МАН-ын асуудал Монгол төрийн асуудал болж хувирсан гээд ил тод олон асуудлыг энд ярьж болох ч хамгийн гол нь залуус “жолооны ард” суусан нь том амжилт байлаа. Шинэ залуу үе өөрийн гэсэн үнэт зүйлтэй, түүнийгээ хэрхэн хамгаалахаа хэнээс ч илүү мэддэг гэдэг нь батлагдаж, Монголын ардчилал “амьд” тэр тусмаа залуу үе цаашид хамгаалж, хайрлаж явахаа ч тодоор зарласан #ОгцрохАмархан жагсаалын үр нөлөөг өнөөдөр өнгөцхөн дүгнэхэд ийм байна. Маргаашийн ил тод нээлттэй засаглал, иргэдийн оролцоо, хяналт энэ бүгд энэ жагсаалын үр дүнг шингээж сайжирна. Энэ хэвээр улстөржөөд байгаарай залуус аа!
Б.Анхзаяа
Сэтгэгдэл үлдээх
Goy niitlel bn
Bolor
Дэмжих үү?
0 0