Солонгос-Монголын хамтарсан хамгийн анхны, албан ёсны энтертайнмент “Evandis” компанийн урилгаар алдарт Big Bang хамтлагийн дуучин Dong YongBae буюу Taeyang, дуучин Amy Lee буюу Ailee нар 6 сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох “Super Concert 2025”-д оролцох гэж буй. Үүнтэй холбоотойгоор “Evandis” энтертайнментаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Энэ удаагийн тоглолтыг Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд дэлхийн хэмжээний А зэрэглэлийн уран бүтээлчид Монголд хүрэлцэн ирж байгаа нь хоёр улсын соёлын хамтын ажиллагааны түүхэнд онцгой үйл явдал болж буй юм.
Энэхүү тоглолт нь зөвхөн хөгжмийн арга хэмжээ бус, хүний нөөцийг чадваржуулах, соёлын солилцоог бэхжүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах чадамжийг харуулах чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.
“Evandis” энтертайнментын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ко Сонг Хүн:
- Монгол Улсын энтертайнмент салбарын уран бүтээлчид, мэргэжилтнүүд дэлхийн түвшний тоглолтыг амжилттай зохион байгуулах чадамжтай гэдгээ харуулахын зэрэгцээ тус салбарын эко системийг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготойгоор “Super Concert 2025”-ыг зохион байгуулж байна.
Энэ нь зөвхөн Азийн бус, дэлхийн хэмжээний уран бүтээлчид, продакшн багууд Монголд ирж хамтран ажиллах боломжийг тэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлнэ.
“Evandis Entertainment” болон хамтран зохион байгуулагч байгууллагууд дараагийн шатны дэлхийн алдартай уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой бөгөөд урт хугацааны хөгжлийн алсын хараатайгаар энэхүү төслийг хэрэгжүүлж байна.
Соёлын аялал жуулчлалыг дэмжих хүрээнд олон улсын байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг болон хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг эхлүүлж, үйл ажиллагаагаа шат дараатай өргөжүүлж байгаа ба энэ нь бодлогын түвшний дэмжлэгийг зайлшгүй шаардсан стратегийн алхам” гэдгийг тодотгов.
Түүнчлэн, “Super Concert 2025” тоглолт нь соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбараар дамжин дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэг, олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол, судалгаанууд гарсан байна.
"Evandis" энтертэйнментаас энэ оны КPOP тэсрэлт болгон зохион байгуулж буй “Super Concert 2025” 6 сарын 21-нl Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Тасалбарын тухайд хосын, шүтэн бишрэгчийн, энгийн, VIP гэсэн төрөлтэй.
Уг тоглолтод Morningstar, Tsetse, FOUX, Doid, AM-C зэрэг монгол уран бүтээлчид хамтран оролцоно.
Мөн тоглолтын үеэр үзэгчид болон уран бүтээлчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 гаруй хамгаалалтын баг ажиллах бөгөөд өмнөх тоглолтуудаасаа харуул, хамгаалалтаа 2 дахин нэмсэн аж.
Сэтгэгдэл үлдээх