ХЭҮК-оос "Огцрох амархан" жагсаалын залуус руу халдсан үйлдэлтэй холбоотойгоор ЦЕГ-т ханджээ

.Graph
2025-06-13

ХЭҮК Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар "Огцрох амархан" жагсаалд хийсэн дүн шинжилгээний талаар мэдээлэл өглөө. Тэрээр  ХЭҮК хүний эрхийг хамгаалах дэмжих чиг үүргийн хүрээнд аливаа жагсаал цуглаан зохион байгуулахад байнгын ажиглалт хийдэг.  5 сарын 14ний өдрөөс  6 сарын 3ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан тайван жагсаалд ХЭҮК-оос Г.Нарантуяа гишүүн удирдаж ажиллаа. 

21 хоногийн турш үргэлжилсэн “Огцрох амархан” жагсаал өдөр бүр ихэвчлэн 16 цагаас 20 цагийн хооронд үргэлжилж байсан. Жагсаалын үйл ажиллагаа тогтсон хугацаанд зохион байгуулагдаж тайван замаар үргэлжилсэн. Ажиглалтын явцад жагсаалуудын хооронд нийтийг хамарсан сөргөлдөөн үүсээгүй. Хууль сахиулах байгууллагын зүгээс жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг хязгаарласан арга хэмжээ аваагүй. 

Харин 5 сарын 21, 22, 25ны өдрүүдэд тус жагсаал Сүхбаатарын талбай, Тусгаар тогтнолын талбайд үргэлжилж байх үед жагсаалд оролцогчдын биед халдах, доромжлох үйлдлүүд гарсан. Тайван жагсаж байгаа хүмүүст халдсан эдгээр үйлдлүүд нь цаашид тайван замаар жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдэл гэж үзэн цагдаагийн ерөнхий газарт албан ёсоор хандсан.

Мөн жагсаал цуглаанд оролцсон нэр бүхий иргэдээс комисст хандан биед нь халдаж, айлган сүрдүүлэх үйлдэл гарч байгаа талаар гомдол мэдээллийг ирүүлсэн. Энэ гомдлын дагуу тайван жагсаал цуглаанд оролцогчдыг гэмт халдлагаас хамгаалах аюулгүй байдлыг хангах тайван замаар ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх талаар тухай бүрд нь цагдаагийн байгууллагад хандаж ирсэн. 

Жагсаал цуглааны үед иргэний нийгмийн байгууллага, цагдаагийн байгууллага, ХЭҮК харилцан мэдээлэл солилцож хяналт ажиглалт хийж хамтын ажиллагааг бий болгож, бэхжиж байгааг сайн туршлага болсон гэж дүгнэсэн.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe