Төгрөг сульдаж, инфляц хөөрөгдсөн эдийн засаг шинэ Засгийн газрыг хүлээж байна

Г.Энэбиш
2025-06-12

Шинэ Засгийн газар тэргүүнээ сонгож, ардаас нь хэнээр танхимаа бүрдүүлэх вэ гэсэн улс төрийн уралдаан ид дундаа.

Улс төр ийнхүү халахад хэсэг нөхдийн цөс нь хөөрч, хөл ч нь газраа онохгүй дэгдэж явах бол гэм биш жам. Тэгвэл тэдний халууныг дарахаар ямаршуухан асуудалтай эдийн засаг, аж байдал хүлээн авч байгааг нь энд сийрүүлье.

Өмнөх Ерөнхий сайдын маань амны уншлага болсон “мега төсөл” иргэдийн амьдралаас хэр хол дүүлэн өөрөө ч хэр супер вакумжсаныг хүүхдийнх нь тансаг хэрэглээ, амьдралаараа батлаад өгсөн. Ийнхүү олон нийтийн уур бухимдлыг төрүүлж, 5 жил дулаацуулсан суудлаасаа хүчээр буусныг мартах учиргүй. 

Үнийн өсөлт цойлж, төсөв татарч, татварын орлого буурчээ 

Инфляцын түвшин 2025 оны 4-р сарын байдлаар улсын хэмжээнд 8.3 хувь, Улаанбаатар хотод үнийн өсөлт 9,8 хувьтай байна.

Орон сууцны үнэ 14.6 хувийн инфляцтай, үйлчилгээний салбарт үнийн өсөлт 17 хувь байгаа нь хамгийн өндөр дүн боллоо.

Улсын төсвийн орлого өмнөх жилийн 4 сартай харьцуулахад 1.3 их наядаар буурч, 9 их наяд төгрөг болжээ. Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 58 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа.

Гэтэл өнгөрсөн жилийн өдийд төсөв 1 их наядын ашигтай гарч байсан билээ. 

АНН-үүд ч үгээ хэлж, модоо барихдаа тулсан. Үүнийг албан татварын орлого 926 тэрбум төгрөгөөр буюу 26 хувиар буурснаас харж болно.

Экспорт сайнгүй. Монгол улс 135 улстай худалдаа хийж, 4.2 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн, түүхий эд экспортолжээ. Өмнөх жилээс 695 сая доллароор буурсан байна.

Ингэж буурахад нүүрс 1.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2 сая ам.доллар,  төмрийн  хүдэр,  баяжмал  13.5  сая  ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлсөн.

Төсвийн гуравны нэгийг бүрдүүлдэг нүүрсний орлого 1,2 тэрбум доллароор буюу 41 хувиар буурсан нь гол асуудал. Үүгээр зогсохгүй төлбөрийн тэнцэл 3-р сард 613 сая долларын алдагдалтай байна. 

Эдийн засгийн өсөлт жилийн мөн үеэс 5 хувь буурч 2.4 хувьд хүрлээ

Эдийн засгийн өсөлт 2,4 хувьд хүрлээ. Өнгөрсөн жилийн өдийд улсын эдийн засаг 7,9 хувьтай өсөж байв. Жилийн дотор 5 хувиар буурсан гэсэн үг.  Үргэлжлэн буурж ч болзошгүй. Энэ оныг эдийн засаг хасах утгагүй давбал их юм болно гэж эдийн засагчид сануулсаар байгаа.  

Төсвийн алдагдалтай яваа манай улс Хүннү хот, шинэ Хархорум, бүр 20-30 жилийн дараах ирээдүйд хэрэг болно гэх төслүүдээ энэ жил орхивол яасан юм бэ!

Нийслэл хүртэл барьцсан маягтай 24 мега төсөл хэрэгжүүлнэ хэмээн амбицалж буй. Тэр том мега төслүүдийг санхүүжүүлэх мөнгө манай төсөвт байхгүй. Ингэхээр бонд гаргах, урт хугацааны зээл авах гэсэн арга зам үлдэнэ. Иймээс бодит байдалтайгаа нүүр тулж, мега төслүүдээ эрэмбэлж, заримыг нь хасах шаардлагатай.

Хас гэж хатуу хэлэхийн учир зөвхөн зураг төслийг нь тэрбумаар хийдэг тул бүр ТЭЗҮ-г нь ч битгий хий гэсэн санаа.

Учир нь бидэнд жижиг зовлонгоос их юм алга. Өдрийн хоолтой байх уу, төрийн албан хаагчдын цалингаа тавьж дийлэх үү, нүүрсний үнийн бууралт хэр удаан үргэлжлэх бол гэсэн энгийн асуудалдаа живэхээр болж байна. Иймээс хөнжлийнхөө хирээр хөлөө жийцгээж том төслүүдээ танаж, зоригтойгоор хасъя. 

Жижиг зовлондоо живэх нь сайд, дарга нараа 

Зургаадугаар сарын нэгнээс татвараа төлөөгүй машинтай хөдөлгөөнд оролцуулахгүй гэж “лүндэндсэн”. Гэтэл татварыг нь 3-5 дахин нэмчихсэн. Жижиг улсын ядруухан иргэд чинь татвараа ийм өндөр болсныг одоо ойлгож, яаж төлөх вэ гэж шар махтайгаа хатаж яваа.

Том улс төрчдийн дуулиан дундуур ядаж байхад яс гэгчээр АИ92 төрлийн шатахууны үнийг 200 төгрөгөөр нэмчихлээ. Бид 1 литр шатахууныг 2776 төгрөгөөр худалдан авч байгаа.

Ажлаа өгч байгаа Ц.Туваан сайд шатахууны үнийг үндэслэлгүйгээр нэмсэн гэж хэлээд “Үнийн зөвлөлөө хуралдуулж байгаа. Үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол торгоно” гэсэн.

Гэхдээ тэр дээгүүрх зодоон миний амьдралд наалдахгүй. Төрд торгуулийн мөнгө нь очно. Энэ зуур шатахуунаа өндөр үнээр авч, дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн.

Бидний орлого өсөөгүй байхад үнийн өсөлтөөр дамжуулж халаасаа суйлуулсаар байна. Шатахууны үнийн өсөлтийн нөлөө ирэх 6-р сарын статистикийн тайлангаар батлагдана та нар харж л байгаарай. 

Өрхийн орлого зарлагын зөрүү 39.000 төгрөг 

Өрхийн орлого 2,7 сая төгрөг болсон нь өмнөх оноос 394 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт. Үүнийг хувиар илэрхийлбэл 16 хувиар өссөн юм. 

Харин өрхийн зарлага 2,8 сая төгрөг бол оны өмнөх мөн үеэс 385 мянгаар буюу 15 хувиар өсжээ. 

Хамгийн гомдмоор нь монгол өрхийн орлогын бүтцэд тэтгэвэр тэтгэмжийн орлого 22 хувийг бүрдүүлж байгаа. Халамж, тэтгэмжээс хамаарсан орлого нэмэгдэх нь эрүүл биш, чухамдаа гаж үзэгдэл. 

Хүүхдийн мөнгө өгөхөө байлаа гэвэл өрхийн төсөвт их хэмжээний цоорхой үүсэхээр байна. Энэ нь нэгжийн амьдралд асар цочрол өгнө. Иймээс тэтгэмж, халамжийн бодлого одоо өөрчлөгдвөл ядуусын тоо огцом өсөж болзошгүй.

Учир нь манай өрхүүдийн 31 хувь нь сард 1.6 саяас бага орлогоор амь зууж байна. 

Том тоонууд ч базаахгүй, иргэдийн амьдрал ч базаахгүй байна. Иймээс 34 дэх Ерөнхий сайд Засгийн газраа хэрхэн бүрдүүлж, эдийн засгийн асуудлыг шийдэх, иргэдийн амьдралд нийцтэй ажил хийхийг улс нийтээрээ харах, хянах цаг ирлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Urhiin orlogo zarlagiin zuruu 39 bna gej buu hudlaa yari !!! Hudlaa too barimt gargadag ajlaa medehgyu alvanii humuusee bugdiig soli !!!

Zochin

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe