Л.Гантөмөр: АН-аас томилогдсон хяналтын менежерийг халах юм бол ерөнхий сайдын арьсыг өвчинө

.Graph
2025-06-12

АН-ын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар тодруулга өглөө. Тэрээр “Дараагийн засгийн газар буюу шинэ томилогдох Ерөнхий сайдын манлайллаас их юм шалтгаална. Ерөнхий сайд бол аж ахуйн дарга биш шүү дээ. Энэ хүний манлайлал өөрөө Монголын улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн зөв тийшээ авч явах вэ гэдэг зүйл их харагдана. Нэгт Парламентын засаглалыг илүү төгөлдөржүүлэх ажлыг энэ хүн хийх ёстой. Хоёрт шударга ёс тогтоох хэрэгтэй. Дунд шатны давхардсан бүтцийг арилгаж төрийн албыг илүү чадварлаг цомхон болгох тал дээр онцгой алхмууд шаардлагатай. Гуравт хавтгайрсан халамжуудыг хэрхэн хумих тухай маш тодорхой бодлого хэрэгтэй. Дөрөвт дөрвөн жилийн хугацаатай засгийн газрын мөрийн хөтөлбөр байдаг үүнийгээ хэрэгжүүлэх ёстой. 

Ийм ийм нүсэр их ажил хүлээж байх ёстой. Ардчилсан нам бол албан ёсоор Монгол оронд хэрэгтэй асуудлуудыг шаардаж шахаж тулгаж ажиллах ийм л үүрэгтэй” хэмээн ярьсан юм. 

Мөн сэтгүүлчийн “Та сая төрийн албыг цомхон бүтцээр ажиллах ёстой гэж хэллээ. Тэгтэл та бүхний үйл ажиллагаа явуулж байсан засгийн газар одоо яг ямар байдалтай хүлээлгэж өгч байгаа вэ?” гэх асуултад “Та нар бол АН-аас томилогдсон хяналтын менежерийг халах талаар л ярьж байгаа байх. Халах юм бол ерөнхий сайдын арьсыг өвчинө. Яагаад гэвэл төрийн өмчит компани дээр байгаа хулгайг хянах үүрэгтэй хүмүүс засгийн газар дээр томилогдсон байгаа шүү. Тэд нарыгаа авч хаячхаад дур зоргоороо идэж уудаг тараадаг тэр амьдрал руугаа шилжих гэж байгаа бол бид нар өршөөхгүй” хэмээн хариуллаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe