2800 м.куб бохир ус цэвэрлэх байгууламж барина

Ц.Чимэдцэеэ
2025-06-10

АПУ компани “Тогтвортой хөгжлийн стратеги”-ийн хүрээнд үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх, дахин боловсруулах олон улсын жишигт нийцсэн байгууламж барихаар болжээ. Ийнхүү өнөөдөр тус байгууламжийн шав тавих ёслол боллоо.

Төслийн хүрээнд компанийн үндсэн үйлдвэрүүд болох АПУ ХХК, АПУ Дэйри ХХК, Натур Агро спиртийн үйлдвэр, M-Би-Си Азиа Пасифик ХХК-ийн хаягдал усыг дахин боловсруулан ашиглах юм байна.

Тус байгууламж хаягдал усны MNS6561:2024 технологи, дахин ашиглах цэвэрлэсэн усны MNS6734:2018 стандартыг тус тус хангасан бөгөөд Улаанбаатар хотын гүний усны хэрэглээг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.

Төсөлд нийтдээ 45 тэрбум төгрөг зарцуулж, хуулиа мөрдсөн, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг бууруулсан, Туул голын усны чанарыг хамгаалсан, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалсан үр дүнг бий болгоно хэмээн мэдээлж байна.

Байгууламж хоногт 2800 м.куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн стандарт, дэвшилтэд технологийг ашиглахаар төлөвлөгдсөн. 

2024 онд олон улсын нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчээр Польш улсын “Смарт Вэйст Текнолоджис” ХХК болон Энэтхэг улсын “Эс Эм Си” ХХК-ийн түншлэл шалгарсан. Ус цэвэрлэгээний L0-L3 түвшний технологийг үе шаттай ашиглах бөгөөд сүүлийн шатанд халдваргүйжүүлэлтийн технологиор цэвэрлэсэн усыг дахин ашиглах боломжтой болно.

АПУ ХК нь энэ төслийн хүрээнд төвлөрсөн хаягдал ус цэвэрлэх концепцийн дагуу ажиллаж байгаа бөгөөд дараа дараагийн төслүүддээ ч бие даасан цэвэрлэх байгууламжийг барих бодлого баримталж байгаа аж. Төслийг 2026 оны 12 дугаар сард багтаан дуусгах төлөвлөгөөтэйгөөр ажил эхэллээ.

Тус ажил АПУ ХК-ийн “Бахархалт Монгол” тогтвортой хөгжлийн стратегийн “Ногоон ба цэвэр тунгалаг” баганын зорилгын хүрээнд хэрэгжиж буй аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe