Оюу толгойн бүлэг ордод лиценз эзэмшигч "Онтрэ" ХХК-тай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татаад буй. Ялангуяа, Оюу толгойн бүлэг ордын хүдрийн нөөцийн 32 хувийг эзэмшдэг ч Монгол Улсад хувь эзэмшдэггүй гэх мэдээллийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал мэдээлсэн.
Энэ талаар тэнцвэртэй мэдээлэл хүргэх зорилгоор “Онтрэ Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скоттыг Монгол Улсад ирсэн байх үед нь уулзаж, байр суурийг нь сонссон юм.
Тус компани 2002 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани. Монгол дахь салбар нь “Онтрэ” ХХК юм.
"Онтрэ" ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд Хойд Хюго Үргэлжлэл, Херуга гэсэн хоёр орд хамаарч байгаа бөгөөд үүнд Оюутолгойн өдгөө олборлолт явуулж байгаа орд мөн багтжээ. Онтрэ Ресурс ХХК 2004 онд Айвенхоу Майнз компанитай хэлцэл байгуулж, Оюу Толгойн бүлэг ордын хамтарсан үйл ажиллагааны талбай дахь эдийн засгийн үр ашгийг Оюу толгойд 80, Онтрэ-д 20 хувиар тогтоон 2008 онд гэрээгээр албажуулсан байна.
Өдгөө "Онтрэ" ХХК-ийн эзэмшиж буй Шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай Хойд Хюго ордын нэг хэсэг Оюутолгойн Лифт 1, 2 хэсэгтэй залгаа бөгөөд эрдэсжилтийн агуулга 2.1 хувь. Энэ хэсэгт 2025-2040 он хүртэл олборлолт явуулах бөгөөд гэрээний дагуу тус компани эрдэс баялгийн 1.1 хувийг хүртэх ажээ.
Харин Жавхлант ордод 2012 онд 20 цооног өрөмдсөнөөр 1.4 тэрбум тонны С ангилалд багтах хүдрийн нөөцтэй бөгөөд зэсийн дундаж агуулга 0.4% гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Одоогоор уг орд эдийн засгийн үр ашиггүй байгаа бөгөөд нөөцийн ангиллыг ахиулахад хэдэн 10 жилийн өрөмдлөг, их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Онтрэ Ресурс ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт Засгийн газарт 34 хувийг олгох талаар сүүлийн жилүүдэд олон удаа саналаа хүргүүлж иржээ. Хамгийн сүүлд 2025 оны эхээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, "Эрдэнэс Оюутолгой" компанийн удирдлагуудтай биечлэн уулзаж, 34 хувийг өгөхдөө бэлэн байгаагаа дахин илэрхийлжээ. Харин манай зүгээс ямар ч дорвитой хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн байна.
Онтрэ Ресурс ХХК болон "Оюу толгой" компани хоорондын байгуулсан гэрээгээр Оюу толгой 80 хувийг эзэмшдэг бөгөөд лицензүүдээ эзэмшиж байгаа аж. Арбитрын шүүхээс Онтрэгийн эзэмшиж байгаа хоёр тусгай зөвшөөрлийг "Оюу толгой" ХХК руу шилжүүлэх шийдвэр гарсны дагуу шилжүүлэхэд шаардлагатай татвар хураамжийн бүх мэдээллээ "Онтрэ" ХХК Монголын Татварын Ерөнхий газарт өнгөрсөн хоёрдугаар сард өгчээ. Гэвч өнөөдрийг хүртэл Татвараас хариу өгөөгүй тул лиценз шилжүүлэх ажил хойшилсоор байгаа аж.
“Онтрэ” компанийн хувьд Засгийн газарт 34 хувийг эзэмшүүллээ гээд түүнд ногдох хөрөнгө оруулалт хийхийг шаардахгүй, тусдаа зээлийн гэрээ шаардахгүй гэдгийг Стивен Скотт хэлсэн. Тэр ойролцоогоор 2032 онд өөрийн эзэмшлийн эдийн засгийн үр ашгийн 20 хувиасаа хамгийн эхний мөнгөн урсгалын орлогоо авахыг сайд нартай уулзахдаа санал болгожээ. Үүнээс Монгол Улсын хууль, журмын дагуу бүхий л татвараа төлөх аж.
“Хэрвээ 100 долларын ашиг шилжүүлэх гэж байгаа бол 66 долларыг Онтрэ Ресурс ХХК-д шилжүүлээд 34 долларыг Эрдэнэс Оюу толгой руу шууд явуулаарай. Биднээр дамжуулахгүйгээр Монголын Засгийн газар ногдох ашгаа аваарай хэмээн Ц.Туваан сайдад тодорхой тайлбарлаж хэлсэн. Мөн өөрийн эзэмшлийн 20 хувийн эдийн засгийн үр ашгийн 34 хувийг Монголын Засгийн газарт шилжүүлснээр бид ямар нэгэн менежментийн төлбөр авахгүй” хэмээн тодотгов.
Өнөөдрийг хүртэл “Онтрэ” компани татвар хураамжуудаа төлж ирснээс гадна татварын ямар нэгэн хөнгөлөлт эдэлдэггүй байна. Тухайлбал, лицензийн хураамжид өнгөрсөн хугацаанд 12 сая ам.доллар төлжээ.
Түүнээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд 2024-2025 онд 40 гаруй оюутныг уул уурхай, геологи, инженер, байгаль орчны чиглэлээр сурахад нь дэмжлэг болж, сургалтын болон амьжиргааны бүрэн хэмжээний тэтгэлэг олгосон байна.
Цаашид ч татвар хураамжаа төлөхөө илэрхийлсэн бөгөөд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бусадтай адил төлж, мөн 15 хувийн суутгал төлөхөө хэлсэн.
Сэтгэгдэл үлдээх