Ногоон эдийн засгийн хөгжилд шинэ үеийг эхлүүлэх ASPAC

.Graph
2025-06-09

Дэлхий дахинд хүрэн эдийн засгийн өсөлтөөс ногоон эдийн засгийн өсөлт рүү шилжих үйл явц эрчимтэй өрнөж буй. Энэхүү шилжилтийг улам хурдасгах, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих санаачилга эрчээ авч, цар хүрээгээ улам тэлсээр байна.

Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэхийн төлөө улс орнууд онцгойлон анхаарч эхэллээ. Нэр нүүрээ эрхэмлэх тоолуур гүйж, цаг үе өөр болж байна. Хувьсан өөрчлөгдөж буй эх дэлхийн тогтвортой байдлын төлөө хүн төрөлхтөн өмнөх бүх цаг үеэс илүүгээр ажил хэрэгч байх шаардлага хэдийнэ үүсжээ.

Улс орнууд байгаль орчны эрсдэл, экологийн доройтлыг багасгахын зэрэгцээ хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлэн, нүүрсхүчлийн хий бага ялгаруулахад чиглэсэн ногоон эдийн засгийг бэхжүүлэх бодлого “замын зураг” мэт баримтлан хэрэгжүүлж байна. Өдгөө ногоон шилжилт, дижитал хувьсгал зэрэгцэн өрнөж, өөрчлөлтийг ойртуулж байна. Бүхий л салбарт технологи хурдацтай нэвтрэхийн сацуу үүнтэй хамт эрчим хүчний хэмнэлт нэн тэргүүнд яригдах аж. 

Ногоон эдийн засгийг нэн яаралтай эрчимжүүлэх нь тунхаг төдий бус бодит үйл хэрэг болж, хөгжиж буй эдийн засгийн шинэ чиг хандлагыг тодорхойлж байна. Өндөр хөгжилтэй, үйлдвэрлэгч, технологитой улсууд нүүрсхүчлийн ялгаруулагчийн тоог нэмэхгүйн тулд цахилгаан автомашин үйлдвэрлэл рүү шилжиж, цэвэр эрчим хүчний эрэлд гарч, утаа ялгаруулдаггүй технологийг бий болгоход илүүтэй хөрөнгө оруулах болов. Улс орнууд хөгжлийн өнөөгийн түвшин, эдийн засгийн нөөц боломжоос үл хамааран хүлэмжийн хий ялгарлыг бууруулахад урьд өмнө байгаагүйгээр идэвх зүтгэл гаргаж эхэллээ. 

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах амлалтыг улс орнууд дор бүрнээ өгч, одоогоор 140 гаруй орон үүнд  нэгдсэн  бөгөөд тодруулбал АНУ, БНЭУ, БНХАУ, Европын холбоо гэсэн нийт ялгарлын 88 хувийг бүрдүүлэгчид өөрсдийн хувь нэмрээ оруулахаар болсон байна. Тэрчлэн дэлхийн нөлөө бүхий компаниуд нүүрсхүчлийг тэглэх амлалт өгч, жил бүрийн санхүүгийн тайландаа хүлэмжийн хийн ялгарлыг тооцож тайлагнах шинэ хэв маягт суралцаж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлтийн сүлжээ болон бараа, бүтээгдэхүүний орц найрлага, үйлдвэрлэлийн шат дамжлага, шугам хүртэл шинэчлэгдэж байна. 

Дэлхийн олон оронд байгальд ээлтэй, ногоон шийдлийг нэвтрүүлсэн бизнес зах зээлд тэргүүлэх чиг хандлагатай болж, хүрэн бизнесүүд шахагдах цаг хаяанд иржээ. Өдгөө дэлхийд хөрөнгө оруулалтын 400 гаруй сан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд нэгдээд буй.

Мөн дэлхийн нийт орлогын 80 хувийг бүрдүүлэгчид ногоон бизнесийг дэмжих болов. Байгальд ээлтэй бизнесийн модель, экосистемд хор хөнөөл багатай эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлага алхам тутам тавигдаж байна. 

Манай улсын хувьд ДНБ-ий 2-оос доошгүй хувийг жил бүр ногоон хөгжилд зарцуулж, нэгж бүтээгдэхүүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилт тавьсан байдаг.

Тухайлбал, Засгийн газраас худалдан авалтынхаа 20-иос доошгүй хувийг байгаль орчинд ээлтэй, үр ашигтай, хэмнэлттэй бараа, ажил, үйлчилгээнд зарцуулах үүрэг хүлээгээд байгаа.

Эргэлт буцалтгүйгээр эх дэлхийн тогтвортой байдлын төлөө улс орнууд эв санаагаар нэгдэж байна. Ийм хөрс суурь, хүсэл шаардлага бүрдэж буй цаг үед Дэлхийн 70 гаруй орны 5000 гаруй түүчээлэгч залуус Улаанбаатар хотноо чуулах гэж байна.

 JCI байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн чуулганыг ийнхүү Монгол Улс хоёр дахь удаагаа зохион байгуулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн бөгөөд тус өндөр дээд хэмжээний арга хэмжээ ногоон эдийн засгийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад зохион байгуулалт чиглэж байна. 

“JCI ASPAC 2025” чуулган зохион байгуулах хорооны дарга О.Наранбаатар “JCI бол НҮБ-д зөвлөх эрхтэй цорын ганц олон улсын залуучуудын байгууллага. Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан “Ногоон Чуулган” үзэл баримтлалыг бүсийн чуулганд анх удаа нэвтрүүлэх гэж байна.

Энэ хүрээнд  Net-Zero буюу хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тэнцвэрт байдлыг хангасан шийдлүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Жишээлбэл, чуулганд бүртгүүлсэн оролцогч бүр Монгол орны хөрсөнд нэг мод тарьж байгаа.

Нийт оролцогчдын тоогоор авч үзвэл дунджаар 5000 мод тарьж, 100-150 тонн нүүрстөрөгч шингээх боломжийг бүрдүүлнэ. Мөн дэвшилтэт технологи, дижитал шийдлүүдийг ашиглан Ази, Номхон далайн бүсийн анхны цахим шилжилтэд суурилсан чуулган зохион байгуулахаар зорьж байгаа. Түүнчлэн бид цаасны хэрэглээг аль болох тэг рүү дөхүүлж, хэвлэмэл материалуудаас татгалзахыг эрмэлзэнэ.

Сүүлийн хоёр жил бэлтгэл ажлаа хийхдээ ч бид шаардлагатай хэвлэлүүд дээр дахин боловсруулсан цаас ашигласан. Хиймэл оюун ухааны шийдлүүдийг ашиглан нөөцийг оновчтой хуваарилах, хоол хүнсний хаягдлыг бууруулах гэх олон онцлог бий” хэмээн арга хэмжээний ногоон үзэл баримтлал, зохион байгуулалтын шинэлэг байдлыг тодотгов. 

Нүүрсхүчлийн хийг бага ялгаруулах хэд хэдэн арга байдаг. Үүнд цахилгаан, дулааныг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэх, хоол хүнс, ахуйн хог хаягдлыг бууруулах, нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй тээврийн хэрэгсэл ашиглах, аж үйлдвэрээс гарах утааг бууруулах технологи нэвтрүүлэх, мол тарих зэрэг ордог.

Тэгвэл JCI байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн чуулганы үеэр чуулганд бүртгүүлсэн оролцогч бүр Монгол орны хөрсөнд нэг мод тарих ба дунджаар 5000 мод ургуулж, энэ нь жилд 100-150 тонн нүүрстөрөгч шингээх даян дэлхийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаар байна. Манай улсын хувьд хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үүднээс олон улсад өгсөн амлалт бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн юм. 

Урагшилж буй ногоон эдийн засгийн хөгжилд шинэ үеийг эхлүүлэх ASPAC нь Монголыг дэлхийд шинээр нээн танилцуулах төдийгүй олон улсын тавцан дахь байр суурийг батжуулж, ногоон чуулганы үзэл санааны өөрчлөлтийг урин дуудах юм.

Сэтгэгдэл үлдээх

Амжилт хүсэе!

М.Нарантунгалаг

Дэмжих үү?

1 0

Гайхалтай aspac-g бүтээж буй залуусдаа баярлалаа. Амжилт хүсье.

Туруунаа

Дэмжих үү?

0 0

Сайн уу? Оролцох боломжтой эсэх?

Дамдин сүрэн

Дэмжих үү?

3 0
Newsletter Subscribe