34 дэх Ерөнхий сайдын төлөөх марафон ба МАН-ыг зангидах том шалгуур

.Graph
2025-06-06

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад дэвшүүлэх хүнээ Лхагва гарагийн хурлаар шийдэж, зарлана гэсэн МАН-ын Удирдах зөвлөл таг чиг болсон нь шийдэлд хүрч чадаагүйтэй холбоотой ажээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс УИХ-ын дарга асан Г.Занданшатар, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нарыг санал болгосон талаар эх сурвалж хэлж буй. Гэвч энэ хүмүүсээс шууд сонгох, тэр тусмаа шударга ёс нэхэж Л.Оюун-Эрдэнийг буулгасан иргэдэд төдийлөн таалагдах түшээ харагдахгүй байна. Учир нь эдгээр хүмүүс бүгд ямар нэгэн байдлаар ашиг сонирхлыг зөрчил үүсгэж, нийтийн урдуур орж боломжийг нь хулгайлж байсан түүхүүдтэй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

Түүний улс төрийн карьер тун дажгүй замнаж байв. Харамсалтай нь тэрбээр ЖДҮ-ийн дэмжих сангийн нэр холбогдсоноор сайдын суудлаасаа буусан түүхтэй.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр:

УИХ-ын гишүүн байхдаа нэр хүндтэй байсан хүмүүсийн нэг нь Ж.Энхбаяр. Гэвч тэрбээр маш их ашиг сонирхлын зөрчилтэй байсан нь ЖДҮХС-ийн хэргээр ил болсон. Тэрбээр ЖДҮ-ийн сангаас 1.95 тэрбум төгрөгийг өөрийн 100 хувь эзэмшдэг компаниараа дамжуулан авсан нь ил болсон. Түүнээс өмнө 2003 онд Боловсролын зээлийн сангаас авсан 6 мянган ам.доллароо төлөөгүй болох нь ил гарч байв. Харин өнөөдөр тэрбээр өөрөө хөдөө аж ахуйн бизнестэй атлаа энэ салбарын сайдаар томилогдон ажиллаж байгаа билээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ЖДҮХС-аас 950 тэрбум төгрөг авсан нь илж болж байв. Түүнээс гадна Н.Учралыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн кабинетыг хагалж, огцрох шалтгаан болсон талаар намынхан ярьж буй. Түүнийг намын "ах" нар нь ч дэмжихгүй байгаа сурагтай.

Учир нь МАН өнгөрсөн 5-6 жилд шүүхээс бусад бүхий л эрх мэдлийг залуустаа атгуулсан, тэвчээртэй ажигласан. Гэвч шударга ёс, ёс зүй, тэгш байдлыг ярьж гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ ёс зүйгүй байсныхаа төлөө хамгийн олон жил кабинетыг толгойлж байсан албан тушаалаасаа огцроод байгаа билээ. Тиймээс дараагийн Ерөнхий сайдаар сонгогдох хүн намдаа мөн хүлээн зөвшөөрөгдөж, намаа нэгтгэх чадвартай лидер байх шаардлага зүй ёсоор тавигдана.

УИХ-ын дарга асан Г.Занданшатар:

Энэ шалгуурт арай нийцэх боломжтой нь УИХ-ын дарга асан Г.Занданшатар харагдаж байгаа юм. Тэрбээр Үндсэн хуулийн шинэчлэлийг амжилттай гүйцэтгэж, УИХ-ын амжилттай удирдсан, туршлагатай улстөрч. Гэвч түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойр гэдэг тодотгол нь энэ шалгуураас холдуулж байна. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Х.Баттулга ерөнхийлөгч асантай гар нийлж шийдвэрүүд гаргаж ажилласан, Баянхонгор хэмээн нэг нутгаар овоглосон гээд холбогдох сэжмүүд бий.

Гэтэл Х.Баттулга өнөөдрийг МАН-ын зэвүүцлийг хамгийн ихээр хүргэж байгаа хүн. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрох хэмжээнд хүртэл намынхныхаа дургүйг хүргэсэн нэг том шалтгаан нь энэ, Х.Баттулгыг хажуудаа авчирч наасан явдал. Тиймээс энэ нь Г.Занданшатарыг дэмжихгүй байх нэг тээг болж мэдэхээр байна.

Шадар сайд С.Амарсайхан:

Шадар сайд С.Амарсайханыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан санал болгож байгаа гэсэн мэдээлэл бий. Гэвч С.Амарсайхан нийгэмд маш муу имиж бүрдүүлсэн хүн. Түүний хамаарал бүхий компани Туул голын бургасыг хядсан хэмээн иргэд маш их дургүйцдэг. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа 3.2 тэрбум төгрөгөөр Сүхбаатарын талбайн урд усан оргилуур бариулсан, цар тахлын үед давуу байдлаа ашиглан эхнэрээ ХӨСҮТ рүү нэвтрүүлсэн нь нийтийг маш их бухимдуулсан. Түүнийг хэрэв Ерөнхий сайдаар сонговол залуус дахиад жагсахыг ч үгүйсгэхээргүй байгаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

Хотын дарга Х.Нямбаатар Ерөнхий сайд болохгүй хэмээн өөрөө хэлж байгаа ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ дэвшүүлж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Х.Нямбаатарын хувьд Хууль зүйн сайдаас хотын дарга болсон хүн. Ялангуяа, түүхэнд хамгийн өндөр төсөвтэй, “баян” хотын дарга юм. Гэвч тэрбээр нийслэлийн бордюруудыг сольж, үр ашиггүй ажил хийсэн, “Сэлбэ дэд төв” төсөл дээр бондын мөнгөөр хятад компани оруулж ирсэн гээд мөн нь нийгмийн шүүмжлэлийг дагуулж байгаа. Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийн төсөвт өртөг маш ихээр нэмэгдэж байгаад үндэслэлтэй тайлбар хэлж чадаагүй, хаан мэт бусдыг загнах болсон түүнийг нийгэмд дэмжих хүн тийм ч их биш. 

МАН-ын хувьд дээр хэлсэнчлэн залуустаа боломжийг бүрэн олгосон. Гэтэл итгэл эвдсэн гэж үзсэн тул одоо 1970-аад оныхон удирдлагыг гартаа авна гэсэн хандлага түрж байгаа аж. Чадварлаг залуусаар үе шинэчлэгдлээ гэж байсан МАН-ын үе буцаад эргэж мэдэхээр нөхцөл байдал энэ өдрүүдэд үүсжээ.

Ямартай ч МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдахаар товлогдоод байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe