Монгол хүн орой унтаад, өглөө сэрдэг байгаасай,
Өглөө гэрээсээ гараад, орой гэртээ ирдэг байгаасай…
Эрчим хүчний салбарт үйлдвэрийн ослоор 2020 онд 3 хүн, 2021 онд 1 хүн, 2023 онд 3 хүн, 2024 онд 3 хүн, 2025 онд 1 хүн нас бараад байна. Тодруулбал, Энэ сарын 1-2-нд шилжих шөнө “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбины цех дотор гал гарч, нэг инженер нас барсан. Уг осолтой холбогдуулан Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо, ТЭЦ-3 ДЦС-ын төлөөллүүд хэвлэлийн хурал хийж, байр сууриа илэрхийллээ.
Тус холбооноос 2023 оны 9-р сарын 26-ны өдөр эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн хийж, энэ салбар элгээрээ хэвтэх гэж байна. Цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудал, ажиллах орчин нөхцөл аюултай буюу эрсдэл өндөртэй зэргээс болж ажиллах хүн олдохгүй болж байна. Үүнд анхаарал хандуулаач гэсэн асуудлыг Засгийн газарт тавьжээ. Түүнчлэн Эрчим хүчний салбарын 40, 50, 60 жилийн насжилттай, хуучирсан тоног төхөөрөмжүүдийг мэргэжилтнүүдийн хүчээр ажиллуулж байгааг сануулсаар байтал төр засгаар ямар нэг арга хэмжээ авч, анхааралдаа хандуулаагүйг дурдсан юм.
Тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дагвадорж “2024 оны 10 сард эрчим хүчний үнэ тариф нэмэх асуудлыг салбарын ажилтнуудынхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх зорилгоор дэмжсэн. Үнэ тарифын нэмэгдлээр 500 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр бий болсон. Түүгээр юу хийсэн нь ойлгомжгүй. Манай холбоо тоног төхөөрөмжийн шинэчлэл, болон ажилтнуудын цалин хангамжийг нэмэгдүүлэхийн тулд үнэ тарифыг нэмэхийг дэмжсэн ч үр дүнд хүрээгүй” гэв.
Түүнчлэн ноцтой осол гарчхаад байхад Эрчим хүчний сайд, болон менежментийг нь хариуцахаар болсон “Эрчист Монгол” ХХК-ийн удирдлагууд хариуцлагаас зугтаж, бие бие рүүгээ хариуцлагаа нялзааж буйг онцолсон юм.
Тус холбооны Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат:
- Эрчим хүчний салбар засаглалын хямралд орсон. Энэ хямрал ажиллах хүчний хямрал болсон. Нам дагасан, нутаг усны гэх мэт мэргэжлийн бус томилгоонуудыг хийдэг болсон. Өнөөдөр тэр хүмүүс юу ч хийгээгүй, ажлаа хийж байгаа ажилчдыг дарамталсан. Бүтээмж чанарыг сайжруулж чадаагүй. Эрчим хүчний салбарын сайд ажиллах хүчнийхээ төлөө нэг ч шийдвэр гаргасангүй. Сайдаар томилогдсон хугацаандаа ажиллах хүчнийхээ төлөөлөлтэй ч уулзсангүй. Үе үеийн сайд нар ийм байсан. Энэ бүхний шалтгааны нь ийм ноцтой осол болж гарч ирж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, хүний амь хохирч байна.
Энэ осол аваарын хариуцлагыг сайд, дарга нар хүлээх ёстой гэв.
“ДЦС-3” ТӨХК нь 198 МВаттын хүчин чадалтай, 13 зуух, 9 турбинтэй. Төвлөрсөн эрчим хүчний системийн 13 хувь, Улаанбаатар хотын дулаан хангамжийн 32 хувийг хангадаг. 2025-2026 оны өвлийн ачааллыг давах бэлтгэл ажлын хүрээнд станц 6-р сарын 1-ний шөнөөс бүрэн зогсолт хийх, 2-ны өглөөнөөс засварын ажил эхлэх төлөвлөгөөтэй байсан ч тоноглол зогсоох явцад осол гарч, харамсалтайгаар нэг ажилтнаа алдаад буй.
Одоогоор станцын ажилтнууд сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байгаа хэдий ч үүрэг хариуцлагаа хүлээн, засварын ажлаа эхлээд байгаа аж.
Тус холбооны зүгээс нэн яаралтай техник ашиглалтын дүрмээ шинэчилж, тоноглолын насжилтын талаар судалж, шаардлагатай арга хэмжээг авах, засвар үйлчилгээ хийх шаардлагатай төхөөрөмжүүдээ тодорхойлж, төсөвтөө тодотгол хийж, санхүүжилтийг нь гаргаж өгөх шаардлага тавьж байгаагаа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх