Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт 69 гишүүн буюу 54.8 хувийн ирцтэй эхэлж, 15 орчим минут үргэлжилсэн юм.
Хуралдааны эхэнд УИХ-д өргөн мэдүүлсэн төслүүдийг холбогдох байнгын хороонд хуваарилсан талаар танилцуулсан.
Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын хороодод хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлууд удаж байгаа учраас нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тоо цөөрч байгааг санууллаа.
“Улсын Их Хурлын зургаан Байнгын хороонд хэлэлцэх эсэх шатандаа 14, анхны хэлэлцүүлгийн шатанд 11, нийт 25 хууль тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явц удаашралтай байна” гэв.
Ийнхүү байнгын хороод эдгээр хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийг эрчимжүүлэх чиглэлийг Байнгын хорооны дарга нарт өглөө. Үргэлжлүүлэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 77.8 хувийн саналаар дэмжин батлав.
Тус чиглэл дараах 16 заалттай аж.
- агаарын бохирдлын эх үүсвэр бүрд жигд анхаарч, салбар, салбар дундын оролцоог хангасан агаарын бохирдлыг бууруулах богино, дунд, урт хугацааны цогц төлөвлөгөөг боловсруулах,
- 2025-2028 оны хугацаанд багтаан нийслэл болон төвлөрсөн суурин газрын агаарын чанарыг Монгол Улсын стандартын жилийн дундаж үзүүлэлтэд бүрэн нийцүүлэх
- агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй бүсийг тодорхойлж, тухайн бүсэд байрлах сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг тогтмол хянах,
- дотоод орчны агаарын чанарыг сайжруулах арга хэмжээг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх,
- угаартаж амь насаа алдсан иргэдийн мэдээллийг нэгтгэн дүн шинжилгээ хийж шалтгааныг тогтоох,
- нотолгоонд тулгуурлан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах
- ахуйн орчинд угаартаж амь насаа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх
- агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо нь холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог хангах, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг тогтмол тайлагнах, санхүүжилт, зарцуулалтын талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох
Мөн дараах хууль, тогтоолын эцсийн найруулгыг тус тус сонссонд тооцож, ёсчлон баталжээ.
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль, дагалдан гарсан “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, дагалдан гарсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хууль
- Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн эцсийн найруулга
- Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль
- Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
- ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- ААНОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- ЖДҮ-ийг дэмжих тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль
- Цусны донорын тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай УИХ-ын тогтоол
Нэгдсэн чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг ч энэ долоо хоногийн баасан гараг буюу маргааш товлогдоогүй байна. Харин Хууль зүйн байнгын хороо 14 цагаас хуралдах юм.
Сэтгэгдэл үлдээх