“ДЦС-3” ТӨХК-д гарсан галын улмаас амиа алдсан инженер салбартаа 20 гаруй жил ажилласан, 2 хүүхдийн аав байжээ

.Graph
2025-06-04

“ДЦС-3” ТӨХК-ийн турбин цехэд гарсан галын улмаас нэг инженер амиа алдаж, ээлжийн дарга угаартаж цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Амиа алдсан инженер салбартаа 20 гаруй жил ажилласан, 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг байжээ. Харин Цэргийн төв эмнэлгийн зүгээс угаартаж хүргэгдсэн иргэний биеийн байдлын мэдээллийг өгөхөөс татгалзжээ.

Хэргийг эргэн сануулахад, 6 сарын 1-2-нд шилжих шөнийн 00:27 минутад ДСЦ-3 ТӨХК-ийн өндөр даралтын турбины цех дотор гал гарсан. Дуудлагын дагуу ОБЕГ-ын гал түймэр унтраах, аврах 6 ангийн алба хаагчид ажиллаж, галын тархалтыг 01:54 цагт зогсоожээ. Гал ДЦС-ын 50х230 метрийн өндөр даралтын цехийн 9-р турбин генератор, зүүн урд хана, дээврийн хэсэгт шатаж байсныг онцгой байдлын алба хаагчид 3 цаг ажиллаж, 03:21 цагт галыг бүрэн унтраасан байна. 

6 сарын 2-3-нд шилжих шөнө болсон “Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх” УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн энэ талаар анх олон нийтэд мэдээлэн, ил болгосон байдаг.

Тэрбээр “Тухайн шөнө ажиллаж байсан ажилчдыг станцаас гаргахгүй, утсыг нь хурааж аваад, “Энэ талаар мэдээлэл гаргавал ажлаас чинь хална” гэж сүрдүүлж байна гэх мэдээлэл ирсэн. Эрчим хүчний яам хэр удаан энэ асуудлыг хав дарах зорилготой байгаа вэ. Эрчим хүчний салбар эс үйлдэхүйгээрээ хариуцлагаас зугтдаг байдлыг халах цаг болсон. Олон жилийн турш салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эдийн засгийн үр өгөөжөө сайжруулж чадаагүй удирдлагууд хариуцлага хүлээх ёстой” гэх шаардлагыг тавьсан юм. 

Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлээд байна. Тэрбээр мөн “2025 оны 3 сарын 19-ний өдрийн Засгийн газрын тогтоолоор эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийг “Эрчист монгол” ХХК-д шилжүүлснээс хойш сүүлийн 2 сард ойлгомжгүй байдлууд үүссэн. Ийм эрсдэлт нөхцөл байдал үүсэх вий гэж “Эрчист монгол” компанийн удирдлагуудад амаар болон бичгээр мэдэгдэж ирсэн” гэв.

Одоогоор Галын шалтгаан нөхцөл байдлыг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэжээ. 

Ташрамд, 60 жилийн настай тус станцын турбин генераторууд ашиглалтын шаардлага хангахгүй, хэзээ мөдгүй дахин аваар гарах эрсдэлтэй нөхцөл байдалд байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe