2025 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч И Жэ Мён ялалт байгуулж, ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Тодруулбал, тэрбээр 49.42 хувийн санал авсан бол Ард түмний хүч намын нэр дэвшигч Ким Мүн Сү 41.15 хувийн санал авсан байна. Ийнхүү И Жэ Мён 8 хувийн саналын илүүгээр ялалт байгуулжээ. Сонгуулийн Ерөнхий хороо нэгдсэн дүн гарсны дараа хуралдаж, И Жэ Мён-г Ерөнхийлөгчөөр бүртгэж авснаар түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрх нээгдээд байна.
Гэвч 61 настай И Жэ Мён ийнхүү Ерөнхийлөгч болсон ч түүнийг авлига, нийтийн хөрөнгө хууль бусаар завшсан, Хойд Солонгос уу мөнгө шилжүүлсэн, худал мэдээлэл өгөхийг албадсан зэрэг хэд хэдэн хэрэг нь шүүхийн шатанд явж байна.
2024 оны 12-р сарын 3-нд Ерөнхийлөгч Юн Сон Ёлын цэргийн хууль тогтоосны дараа, И Жэ Мён YouTube-ээр шууд дамжуулалт хийн, Үндэсний Ассамблей руу хашаа даван орж, ард түмнээс тусламж гуйсан нь 2.4 сая хандалт авсан түүхэн үйл явдал болсон.
Түүнчлэн тэрбээр 2022 оны сонгуулиар 0.73%-ийн зөрүүтэйгээр ялагдаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Парламентын гишүүн болж, Ардчилсан намыг 2 удаа удирдан, баривчлах тогтоол, хүзүүнд нь чиглэсэн хутганы дайралтыг давж, сонгуулийн хууль зөрчсөн хэргээр шийтгүүлсэн ч нэр дэвших эрхээ хамгаалж чадсан юм.
Энэ удаагийн сонгуулийн ирц 80 хувьд хүрсэн нь 1997 оноос хойших ерөнхийлөгчийн сонгуулийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын 44 сая сонгогчийн 35 гаруй сая нь саналаа өгсөн гэсэн үг.
Сэтгэгдэл үлдээх