Эрчим хүчний салбар 10 жилээр ухарлаа

.Graph
2025-06-03

Ю.Гэрэлтуяа

Засгийн дуулианаар “ДЦС-3”-т гарсан том хэмжээний осол чимээгүйхэн дарагдан үлдэх вий...

2025 оны зургаадугаар сарын 02-ны 00.27 цагт Хан-Уул дүүргийн 3-р хороо, “ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр Даралтын Турбин Цехэд гал гарч байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн байна.

1965 онд байгуулагдсан “ДЦС-3” нь 60 жилийн түүхтэй станц бөгөөд 25 мВт-ийн 4 ширхэг, 12 мВт-ийн 8 ширхэг турбин генераторуудтай. Насжилтийн хувьд 48-60 жилийн настай эдэлгээнээс аль хэдийн гарсан.

Товчхондоо бол актлагдсан мөртлөө монгол инженер, техникийн ажилтнуудын ур чадвараар өнөөдрийг хүртэл яг одоо ч ажилласаар байгаа нь гайхамшиг гэхэд болно.

Нэг турбин генераторын ажиллах цикл 20 жил байдаг бол манайд хөөрхийс 60 жил тартагтаа тултал хэзээ мөдгүй дэлбэрэх дээрээ тулан ажиллаж байна гэсэн үг. Харин өчигдөр ямар учиртай дэлбэрэлт болсон бэ гэвэл 1960 оноос хойш анх удаа 2015 онд Чингис бондын санхүүжилтээр 50 мВт-ийн хүчин чадалтай шинэ турбин генератор 35 сая ам доллараар шинээр суурилуулсан бөгөөд ганц шинэ нь дэлбэрч гэмтсэн байна.

Хамгийн харамсалтай нь дахин ашиглах боломжгүй гэмтсэн гэх сураг сонсогдож байна. Мөн энэ үеэр нэг ажилтан амь насаа алджээ.

50 мВт-ын хүчин чадал бүхий турбин генератор дахин суурилуулахад хоёроос гурван жил буюу 24-36 сар шаардлагатай байдаг төдийгүй одоогийн зах зээлийн ханшаар 100 сая доллар шатлаа гэсэн үг.

Үндсэндээ эрчим хүчний салбар “ДЦС-3”-ын нөхцөл байдал арван жилээр ухарч, 2025-2026 онд Монгол Улс Улаанбаатар хот цахилгаан, дулаан эрчим хүчний дутагдалд орох нь гарцаагүй боллоо.

Ялангуяа дулааны салбар маш хүнд байдалд орж хотоороо хөлдөх бодит эрсдэлтэй тулаад байна. Яагаад бид амин чухал эрчим хүчний салбартаа бодитой хөрөнгө оруулалт хийсэнгүй өнөөдрийг хүрсэн бэ. Яагаад шинээр дулааны цахилгаан станцууд барьж өргөтгөсөнгүй вэ. Яагаад эрчим хүчний үнийг чөлөөлж, бодитой дорвитой бодлого хэрэгжүүлсэнгүй вэ. Яагаад эрчим хүчний салбарт хоноцын сэтгэлтэй мэргэжлийн бус сайд нарыг томилж ажиллуулсан юм бэ. Яагаад бид гал алдах асуудлаа хэлэлцэхгүй сандал суудлын асуудалд ач холбогдол өгдөг юм бэ. Яагаад бид хөгжихгүй ухраад байна вэ. Яагаад бид ийм юм бэ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe