Бизнес дэх төрийн оролцоог багасгах Монголын ЗГ-ын бодлого бодит байдлаас зөрүүтэй байгааг шүүмжлэв

.Graph
2025-06-02

Бизнесийн төлөөллүүд цаг үеийн байдалтай холбогдуулан Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжиллээ.

Монгол улсад “Огцрох амархан” уриатай жагсаал 5-р сарын 14-нөөс хойш 3 дахь 7 хоногтоо үргэлжилж байна. Энэ хугацаанд төв талбайд болж буй залуучуудын жагсаалтай зэрэгцээд “Ухаа худагаа аваръя” жагсаал зохион байгуулагдаж байв.

“Огцрох амархан” жагсаалд оролцогчид төрийн аливаа бодлого шийдвэр, ил тод байдлыг хангалтгүй хэмээн шүүмжилж, Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнийг орлогоо нотлох эсвэл огцрохыг шаардаж буй. 2024 онд Засгийн газар үндэсний томоохон компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн хувь эзэмшилд оролцож, төр тодорхой хэсгийг буцаан авахаа мэдэгдсэн.

Тухайлбал, Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian mining corporation компанийн хөрөнгө оруулалттай Ухаа-Худаг ордын 34 хувийг төрд авах асуудлаар ажлын хэсэг байгуулж хуулийн дүгнэлт гаргаж байгаагаа мэдээлсэн. Мөн Оюутолгойн бүлэг ордод хамаарах Онтрэ ХХК-ийн ашиглалтын лицензийг шилжүүлэх зэрэг асуудал яригдаж буй. Эдгээр ордуудын хувь эзэмшлийг шилжүүлэх, төрд авахаар Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилж, дээрх компаниудтай хэлцэл хийхээр төлөвлөж байгаа юм.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал О.Адъяа “2024 оны сонгуулийн үр дүнд 3 томоохон нам хамтарч засгийн газар байгуулагдах үед томоохон төслүүд урагшилж, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого хэрэгжих өндөр хүлээлттэй байсан. Гэвч сүүлийн хагас жилд хувийн хэвшил рүү, томоохон компаниуд руу дайрсан байдал эрчимжсэн. Монгол улсын эдийн засаг хувийн хэвшилгүйгээр явахгүй. Энержи Ресурс гэх мэт томоохон компаниуд руу дайрч өмчийг нь хураан авна гэх мэтээр байж боломгүй байдал гарч байна” гэж байр сууриндаа тодотгосон байна.

2023 онд Fraser institute-ээс гаргадаг эдийн засгийн эрх чөлөөний индексээр Монгол улс 165 улсаас 67-р байранд бичигдсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 9 байр ухарсан үзүүлэлт болжээ. Хэдийгээр олон улсын худалдааны эрх чөлөөний үзүүлэлтээр байр ахисан ч зээлийн орчин, хөдөлмөрийн зах зээл, бизнесийн орчин дахь зохицуулалтын дарамт нэмэгдсэн нь 9 байр ухрах шалтгаан болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe