Л.Оюун-Эрдэнэ: Огцрох амархан, амархан

.Graph
2025-06-02

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал өнөөдөр 13:00 цагийн орчимд эхэллээ. Хуралд оролцох ёстой 25 гишүүнээс 22 нь хуралдаа ирж, 88 хувийн ирцтэй эхэлсэн юм. 

Хурлын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтарсан Засгийн газрын платформ бол өөрөө Үндсэн хуулийн платформ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх өдрөө бид хамтарч засаглах нь зүйтэй гэсэн зарчмыг гаргасан гэсэн байдлаар тайлбарлан, Хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Өнөөдөр би бүх асуултад нээлттэй хариулахад бэлэн байна. УИХ-ын гишүүд та бүхэн бол ард түмний элч. Иймээс үндсэн хуульд заагдсан өөрийн эрхийг эдэлж, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг оруулж ирж байна” гэсэн юм. 

Ийнхүү хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж сонгодог парламентыг төлөвшүүлэх нь зүйтэй гэсэн агуулгаар яг юуг хөндсөн юм бэ? Мөн ХМХ-үүд нэгдэж, олон нийтэд ил тод мэдээлэл өгөхийг шаардсанаа танд уламжилсан. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

- Парламент өөрөө бие даан шийдвэрээ гаргадаг эрхийг л баталгаажуулж байгаа юм. Хэвлэлд чуулганы шийдвэрийн дараа мэдээлэл өгнө. Наана нь өөрийгөө өмөөрөх сонирхол байсангүй. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Орлогоо нотлох асуудал яаж явж байгаад итгэл хүлээлгэх асуудал болчхов оо! 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

- Гашуунсухайтын хил холболтын нээлтийн үеэр энэ мэдээлэл цацагдсан. Би хилээс ирээд АТГ-д шаардлагатай мэдээллээ хүргүүлсэн. Тэгээд хүүтэйгээ уулзсан. Хүү нэг бүсгүйд хайр сэтгэлтэй. Бүсгүй давхар биетэй болсон. Ингээд сүй тавьж, бөгж бугуйвч бэлэглэсэн. Бөгж нь 17 сая, бугуйвч нь 500 мянган төгрөг. Машин өгсөн гэж байгаа нь бол худал.

Миний орлого тодорхой "Хүлэг" контент, Херо энтертайнментад хувьцаа эзэмшдэг. Энэ ХОМ дээр байж л байдаг нээлттэй мэдээлэл. Миний хүү контент хийх дуртай. Зургийн авьяастай юм аа. Миний орлогоо нотлох асуудал байсан бол би жагсаал руу гараад уулзчих л байсан. Надаас орлогоо нотлохыг шаардаж байгаа нь зөв. Улс төрчид орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгөө хураалгах хуулийн төслөө ч баталчих хэрэгтэй! Энэ хэвийн жагсаал байсан бол би гараад уулзчих байсан. Би өмнө нь дандаа уулздаг байсан. Энэ удаагийн жагсаал бол шалтаг.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Жудагийн Баярмаа гэж хүн асуулт асуух гэж байна! Энэ тогтоол дээр чинь бодлогын тодорхой асуудлаа тусгаагүй байна. Энэ бичсэн зүйлсээ хэрэгжүүлэхэд танд яг ямар хүч дутаад байгаа юм бэ? 

Тэр "Ухаа худаг"-аа аваач дээ? Яагаад ийм олон жилийн дараа оруулж ирж байгаа юм! Би танд итгэл хүлээлгэхгүй. УИХ итгэл хүлээлгэвэл та үргэлжлүүлээд ажлаа хийх юм уу? Та өөрийнхөө амаар хэлсэн “Улс төрчид жижиг асуудлаар улс төрөөс явдаг” гэж хэлсэн. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

- Огцрох амархан амархан. Гэхдээ ЗГ байнга огцроод байдаг болчихвол засаглалд сөргөөр нөлөөлнө. Би албан тушаалаас зууралдаагүй ээ! Оюу Толгойтой холбоотой 9-р сард Арбитрын маргаанд орохоор бэлтгэж байна. Энэ мэт олон том төслүүд явчих байсан бол явах л байсан. Иймээс хамтраад явах замыг сонгосон.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Таныг үлдээвэл олон нийт чинь дэмжихгүй байхад та ажлаа хийгээд үлдэх юм уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

- Монголын нийгэм тогтвортой байдлыг л хүсэж байгаа шүү! Огцорсны дараах үр дагавраа л бодитойгоор харах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ бол Монголын төр, МАН юм байна. Ерөнхий сайд унавал бүх ажил гацахын байна гэж яриад байх юм. Уг нь МАН чинь 100 жилийн түүхтэй нам биз дээ!

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжилж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe