Ж.Баярмаа: Дугардаг гишүүдийн амыг хаахаар оролдож байна

Ц.Чимэдцэеэ
2025-05-30

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэр 2024 оны сонгуулиар АН-ын жагсаалтаас УИХ-д суусан ба 2025 оны төсөв хэлэлцэх үеэр багагүй асуудал дэвшүүлж, тодорхой хэмжээнд танаж, алдагдалгүй төсөв батлуулах хүртэл эрчимтэй ажиллаж ирсэн.

  • Түүний талаар Интермэд эмнэлгийн мэдээлэл задарч, өвтэй болох нь илэрлээ гэх мэдээлэл өнгөрсөн оны 11 дүгээр сард түгсэн. Дараа нь тус мэдээлэл худал болох нь батлагдаж, тус эмнэлэгт үзүүлж байгаагүй талаараа өөрөө мөн мэдэгдсэн байдаг.
  • Энэ сарын эхээр хүүхдийнх нь зургийг цацан Ж.Баярмааг АН-ын гишүүн М.Тулгаттай холбон түгээж байв. Энэ талаар хүүхэдтэй нь холбон гүтгэсэн учир ТЕГ-т шалгуулахаар хандана хэмээн мэдэгдэж байсан юм.

Тэгвэл хамгийн сүүлд энэ сарын 28-нд түүний нөхрийг АТГ-т дуудан байцаасан байна. Улмаар 29-нд холбогдох материалаа авч ирэхийг шаарджээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Хүний амьдралын 20, 30-аад жилийн түүх байна. Компанитай холбоотой, орлоготой холбоотой асуудлуудаа гаргаж өгөх ёстой. Гэтэл 24 байтугай 12 цаг ч өгөөгүй. Амжих боломжгүй байсан. Иймд өнөөдөр хойшлуулъя, амжихгүй юм байна, өмгөөлөгч авъя гэж хэлсэн боловч хугацаа чинь дууссан. Дахиж баримт нотолгоо авахгүй. Өөрөө ирэх ч шаардлагагүй гэж маш ихээр уурсаж, загнаж, дарамталсан байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө орлогоо нотлох боломж олгохгүй байна" гэв.

Түүний дурдсанаар 50 байр зарсан, мөнгө угаасан хэмээн буруутгаж байгаа нь ор үндэсгүй худал хэмээн байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн өмнө нь төрд өндөр, дээд албан тушаал хашиж яваагүй, авлига аваагүй, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдоогүй учир айх зүйл байхгүй гэдгээ мэдэгдсэн.

Мөн "Дээрх ажиллагаа нь намайг чимээгүй болгох гэсэн оролдлого гэж харж байна. Зөвхөн над дээр биш маш олон улс төрч рүү ингэж халддаг. Сталины үеийн хүн нь байвал хэрэг нь олдоно гэсэн аргыг хэрэглээд байна. Хүнд гэмт хэрэгт хүнийг гүтгэх нь өөрөө гэмт хэрэг" хэмээв.

Сануулж, хэлж ярихгүй бол сайн засаглал ч ялзардаг гэх зарчмаар ажиллаж ирсэн тухайгаа мөн дурдаж байлаа. Түүний тайлбарын гол хэсгийг дараах байдлаар хүргэж байна.

"Намайг гүтгэсэн хүн нь ЕС Л.Оюун-Эрдэнийн хүүхдийн төгөлдөр хуурын багш Оюунцэцэг гэсэн  мэдээлэл ирсэн. Энэ бол дугардаг гишүүнийг дуугүй болгох гэсэн оролдлого, дарангуйлал тогтож байгаагийн илрэл. Би гэмт хэрэг үйлдээгүй учир айх зүйл алга. АТГ-т ч итгэх ёстой. Гэхдээ хууль өөрөөр үйлчилж байна. Надад 2 хоногт орлогоо нотлохыг шаардаад, хуулийн хугацаа дууссан гэж байна. Өмгөөлөгч авах ч хэрэггүй гэж хэлсэн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ хэдэн тэрбумын орлогоо нотлоогүй хэд хонож байгаа билээ"

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe