Хаврын чуулган үргэлжилж байна. Энэ долоо хоногийн хувьд лхагва гарагаас бусад бүх ажлын өдөр хуралдахаар товлосноороо онцлог.
Өнөөдрийн хуралдаанд 69 гишүүн бүртгэгдэж, 54.8 хувийн ирц бүрдсэнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10.00 цагт танилцуулснаар эхэллээ.
Хуралдааны эхэнд 10 хуулийн төслийг эцэслэн батлав. Үргэлжлүүлэн Засгийн газар 2025.05.16-нд өргөн мэдүүлсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тов ёсоор энэ хуулийн төслийг хэлэлцээд, завсарлахаар байна.
Үдээс хойш хуралдаан 14.00 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Боловсролын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүүхэд бүрд суралцах тэгш боломжийг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар сонсох юм. Уг мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулах юм.
Үргэлжлүүлэн Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлт болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх