Нийслэлийн хэмжээнд энэ онд 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Тухайлбал, Д.Сүхбаатарын талбай орчимд төв талбайн хоёр талын нийт 5012 ам метр талбай бүхий явган замыг шинэчилж буй.
Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Хот явган замын стандарт мөрдөж байгаагүйгээс маш олон төрлийн материалаар хийсэн явган замтай болсон. Яг энэ Ленин клубийн автобусны орчимд гэхэд л алаг хавтан, асфальт, гөлгөр гадаргуутай чулуун зам эсвэл бетоноор хучсан алаг цоог явган замууд байна. Тиймээс явган замын иж бүрэн шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн. Шинээр тавьж байгаа явган замын хавтан барзгар гадаргуутай, цас бороонд гулгаж, халтирахгүй.
Мөн явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин хавтанг гэр хороололд тавихаар төлөвлөсөн” гэлээ.
Түүнчлэн явган замын шинэчлэлийн хүрээнд гэрлийн шонд өлгөсөн кабелийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын кабелийн утаснуудыг явган замын доогуур сувагчилж, далдлах аж. Уг ажил Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замуудад үргэлжлэх гэнэ.
Түүнчлэн автобусны карма зогсоолуудыг байхгүй болгож, тэгшилж байгаа. Карма зогсоол байхгүй болж байгаа тул нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчих аж. Ийнхүү нэгдүгээр эгнээг бүхэлд нь улаан өнгөөр будаж, “А” гэсэн тэмдэглэгээтэй болгон, зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл л зорчих бөгөөд автобус карма руу шахаж орох шаардлагагүйгээр нэгдүгээр эгнээнд зорчигчдоо буулгаж, автобуснууд ар араасаа зорчино. Нэгдүгээр эгнээ чөлөөтэй байвал Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчих нийтийн тээврийн хурд нэмэгдэхийг Хотын дарга хэлсэн юм.
Хотын дарга Х.Нямбаатар “Автобусны зорчих хэсгээр зорчсон тээврийн хэрэгсэлд эрхийг нь хасах хүртэл шийтгэл оногдуулах төлөвлөгөөтэй байна. Нийгмийн сүлжээнд явган хүний замын шинэчлэлийн зурагтай “Улаанбаатар хотыг там болголоо” гэх сөрөг сурталчилгаа, нөлөөлөлд бүү автаарай. Энэ бол дандаа улс төрийн захиалгатай зүйл шүү” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл үлдээх