Hailey Bieber rhode брэндээ e.l.f Beauty компанид 1 тэрбум ам.доллароор зарна

Ж.Номин
2025-05-29

e.l.f Beauty компани Hailey Bieber-ийн үүсгэн байгуулсан rhode брэндийг худалдан авах эцсийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Тодруулбал, тус компани rhode брэндийг 1 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэлд хүрсэн бөгөөд 800 сая ам.долларыг бэлэн мөнгө ба хувьцаа (тодорхой нөхцөлүүдийн дагуу) хэлбэрээр олгох бол үлдсэн 200 сая ам.долларыг rhode брэндийн цаашдын өсөлтөөс хамааран олгох аж. 

Rhode брэнд сүүлийн нэг жилийн хугацаанд хэрэглэгчийн тоогоо хоёр дахин нэмж, 2025 оны 3-р сарын 31-ний байдлаар 212 сая ам.долларын цэвэр борлуулалт хийсэн байна.  

rhode-ийн бүтээгдэхүүнүүд одоогоор rhodeskin.com дээр борлуулагдаж байгаа бөгөөд 2025 оны эцэс гэхэд Sephora дэлгүүрүүдээр дамжуулан АНУ болон Их Британи даяар худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Уг хэлцлийн дараа Hailey Bieber үүсгэн байгуулагчийнхаа хувиар хэвээр үлдэх бөгөөд цаашид Бүтээлч захирал, инновацын ахлах, нэгдсэн компанийн стратегийн зөвлөх гэх албыг хаших аж. 

e.l.f. Beauty стратегийн чиглэлд анхаарч, олон төрлийн брэндийг өөртөө нэгтгэсээр ирсэн. 2004 онд байгуулагдсан тус компани нь АНУ-ын гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлд тоо хэмжээгээр нэгдүгээрт, орлогын хувиараа хоёрдугаарт жагсдаг брэнд юм. 2023 онд Naturium-ийг худалдан авснаар арьс арчилгааны бизнесээ хоёр дахин тэлжээ. Харин rhode-ийг худалдан авснаар тансаг ангиллын зах зээлд нэвтэрч, Sephora зэрэг шинэ түншүүдтэй хамтран ажиллах боломж бүрдэж байгаа аж.

Нэг тэрбум ам.долларын хэлцлийг задалбал:

Үндсэн үнэ: 800 сая ам.доллар

  • 600 сая ам.доллар бэлнээр
  • 200 сая ам.доллар (ойролцоогоор 2.6 сая хувьцаа) – e.l.f. Beauty-ийн шинэ хувьцаа

Нэмэлт урамшуулал: 3 жилийн хугацааны өсөлтийг харгалзан 200 сая ам.доллар байна. 

Энэхүү хэлцлийг e.l.f. Beauty-ийн ТУЗ баталсан бөгөөд 2026 оны санхүүгийн жилийн II улиралд хаагдана гэж тооцоолж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe