Хаврын чуулган үргэлжилж байна. Энэ долоо хоногийн хувьд лхагва гарагаас бусад бүх ажлын өдөр хуралдахаар товлосноороо онцлог.
Өнөөдрийн хуралдаанд 67 гишүүн бүртгэгдэж, 53.2 хувийн ирц бүрдсэнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10.00 цагт танилцуулсан ч танхим "хоосон" харагдаж байлаа.
Тов ёсоор үдээс өмнөх хуралдаанд Засгийн газар 2025.04.30-нд өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут үргэлжилнэ.
Үргэлжлүүлэн Засгийн газар 2025.04.30-нд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн гурав дахь хэлэлцүүлэг өрнөөд, завсарлах юм.
Үдээс хойш хуралдаан 14.00 цагт эхэлж, Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах болон Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариултыг тус тус хэлэлцэнэ.
Сэтгэгдэл үлдээх