Барилгын салбарынхан Сэлбэ дэд төвийн барилгын тендерт хятад компани шалгарсныг эсэргүүцэж, 48 цагийн хугацаатай шаардлага гаргалаа

Ж.Номин
2025-05-28

Сэлбэ дэд төвийн барилга, орон сууцны тендерт монгол компаниудыг оролцуулах боломжгүйгээр буюу албаар өндөр шаардлага тавьж, БНХАУ-ын 15 компани тендерт орсон. Уг асуудлыг монголын барилгын салбарынхан эсэргүүцэж өнгөрсөн 4 сарын 28-нд хэвлэлийн бага хурал хийн,  төрийн өндөр албан тушаалтай 14 хүнд шаардлага хүргүүлсэн байдаг. 

Тодруулбал, “Уг тендерээ цуцалж, монгол үндэсний компаниудаа дэмжээч ээ” гэж төрийн гурван өндөрлөг, УИХ-д суудалтай таван нам, сайд нар, Нийслэлийн Засаг даргад шаардлагаа хүргүүлсэн байна. Одоогоор гурван субъектээс хариу авчээ.

  • Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг асуудлыг судалж, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хянан судлахыг Монополын эсрэг газарт 2025 оны 5 сарын 15-нд шилжүүлсэн. 
  • Хоёрдугаарт, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс “Монгол компаниудаа дэмжин ажиллахыг холбогдох талуудад уламжилж байна” гэх утгатай албан бичгийг НЗДТГ, Хот байгуулалт, орон сууцжуулалтын газар болон Монголын барилгачдын нэгдсэн холбоо ТББ-руу хүргүүлжээ.
  • Гуравдугаарт, УИХ-ын дарга чуулганы индэр дээрээс “Нийслэлийнхнийг хариуцлагагүй ажилласныг цохон тэмдэглээд монгол үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажилла” гэх шаардлагыг тавьсан байна. 

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатар:

- Энэ ерөөсөө ганц барилгачдын, барилгын салбарынхны асуудал биш. Энэ бол нийслэлийн иргэдийн татварыг барьцаалж босгосон бонд. Сэлбэ дэд төвийг барьж байгуулах, дэд бүтцийг нь хийхийн хажуугаар монгол аж ахуйн нэгжүүдээ өсөж өндийж босож ирэх боломж. Монгол хүнийг ажилтай, орлоготой байлгах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах маш чухал шийдвэр. Бид нийслэлийн удирдлагуудтай нэг удаа уулзсан. Гэхдээ санал нийлээгүй. Тэдний зүгээс “Хятад компаниуд тендерт ялчихлаа. Та нарын оролцоог 20 хувь дээр нь л хангаж өгье” гэсэн. Бид одоо тэр 20 хувьд нь баярлаж талархаад, бөхөлзөөд гүйх ёсгүй. Бид үндэсний эрх ашиг ярьж байгаа. Одоогоор 2 хятад компани гэрээ байгуулж, маргаашаас Сэлбэ дэд төвийн шавийг тавих гэж байгаа. Яагаад монголчууд голлож ажиллаад, хятадуудыг доороо ажиллуулж болохгүй байгаа юм. Яагаад хятадуудын дор монгол компаниудаа ажиллуулах гээд байгаа юм. Гэхдээ бид ерөөсөө хятадуудыг эсэргүүцээд байгаа юм биш. Угаас монголд ашиглаж байгаа барилгын материалуудын 90 гаруй хувь нь хятадаас орж ирж байгаа. Харин ирээдүйн монголын барилгачид энэ салбартаа эзэн нь байж, бизнес хийх орон зайтай үлдэж чадах уу, үгүй юу гэх том асуултын өмнө зогсож байна. Өнөөдөр мега төслийг дагасан мега авлигал эрх мэдэлтнүүдийн өмнө байна. Тиймээс улс төрийн өндөр албан тушаалтнуудыг шударга байх зарчмыг барьж, энэ асуудал руу анхаарал хандуулаач гэж хүсмээр байна. 

Ийнхүү монголын барилгын салбарынхны зүгээс 4 сарын 28-нд хүргүүлсэн шаардлагын дараагийн шатны шаардлагыг өмнөх 14 албан тушаалтанд хүргүүлэхээ мэдэгдлээ. Уг шаардлага нь 48 цагийн хугацаатай аж.

Шаардлагыг танилцуулбал: 

35 жилийн түүхтэй монголын барилгачдын нэгдсэн холбооноос 2025 оны 4 сарын 28-нд Сэлбэ дэд төвийн иж бүрэн цогцолбор хорооллын тендерт монгол компаниудыг оролцох боломжгүйгээр тендер зарлаж, 15 хятад компани оролцсоныг эсэргүүцэж, монгол аж ахуйн нэгжүүдээ дэмжих шаардлага гаргаж, эрх бүхий 14 төрийн өндөр албан тушаалтанд хүргүүлсэн боловч үндэсний эрх ашгаа хамгаалсан үр дүн гарсангүй. Харамсалтай нь Монголын барилгын салбарын түүхэн 100 жилийн ойн босгон дээр Нийслэл Улаанбаатар хотын зүгээс монголын барилгачдын урмыг хугалж, тендерт зориуд өндөр шаардлага тавьж, монгол аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжийг бүрэн хасаж, гадаадын компаниудын эрх ашигт үйлчиллээ. Монголын төрөөс гарамгүй шийдвэр байлаа. Энэ үйл ажиллагаа цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа тул монголын барилгачид өөрсдийн үндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэх, ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдралтай байх үндсэн үүргээ биелүүлж, үр хойч, дараагийн үеийн монгол барилгачдаа, залуу үеэ харийн хүний өмнө бөхөлзөн амьдрах гунигт тавилангаас салгаж, ирээдүй хойчдоо ажлын байр, амьдрах орчин, бизнес эрхлэх орон зайг үлдээх үүднээс амь нас, эрүүл мэндээ үл хайхран тэмцэх болсноо монгол барилгачид бид үүгээр мэдэгдэж, монголын төрөөс шаардах нь,

  1. Сэлбэ дэд төвийн тендерийн нэг, хоёрдугаар багцын гэрээг цуцлуулах
  2. Сэлбэ дэд төвийн тендерийн гурав, дөрөвдүгээр багцын тендерт гадаадын компани оролцох нөхцөлийг хаах
  3. Сэлбэ дэд төвийн тендерийн гурав, дөрөвдүгээр багцын тендерийн бичиг баримтад заасан өндөр шалгууруудыг мэргэжлийн холбоод, барилгачидтай зөвшилцөн бууруулж, монгол аж ахуйн нэгжүүдийг оролцох боломжийг төрийн бодлогоор дэмжих

Монгол аж ахуйн нэгжүүд нэгдэж, Сэлбэ дэд төв болон цаашид зарлагдах томоохон төслүүдэд нэгдсэн байдлаар улсынхаа их бүтээн байгуулалтад оролцох сонирхлоо илэрхийлсээр байна. Иймд шаардлагын хариуг 48 цагийн дотор өгөөгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрүүдийг сонгох, жагсаал хийх, эсэргүүцэл илэрхийлэх, өлсгөлөн зарлах зэргээр амь нас, эрүүл мэндээ үл хайхран тэмцэх болохоо үүгээр мэдэгдэж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe