"Огцрох амархан" жагсаал 14 дэх өдрөө үргэлжилж байна. Тус жагсаал нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад цахимаар мэдэгдлээ хүргүүлж, хуулийн дагуу зохион байгуулагдаж буй юм.
Энэ хугацаанд эсрэг агуултгатай хоёр ч жагсаал бий боллоо.
"Ухаа худагаа авъя" жагсаал энэ сарын 20, 21-нд зохион байгуулагдаад тарсан. Энэ нь эсрэг агуулга, зорилготой өөр жагсаал, цуглаан давхардуулан хийхийг хориглох хуулийн заалт зөрчсөн талаар Хуульч У.Пэрэнлэйжамц байр суурь илэрхийлсэнийг мэдээлж байсан.
Өчигдрөөс эхлэн "УИХ тар" жагсаал Сүхбаатар дүүрэгт болж байна. Тус жагсаалыг "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар зохион байгуулж буй.
Тэгвэл А.Отгонбаатар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Жагсаал, цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг мөн зөрчсөн байна.
Учир нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсээс тодруулахад, "Тус жагсаалтай холбоотой мэдэгдэл одоогоор ирээгүй байна" хэмээн мэдээлсэн юм.
Зөрчлийн тухай хуульд "эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр, эсхүл мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байхад жагсаал, цуглаан зохион байгуулсан" бол 150 мянган төгрөгөөр торгох тухай тусгажээ.
Хэрэв мэдэгдэл хүргүүллээ гэхэд дээр дурдсан журмын тухай хуульд заасны дагуу иргэдийн аюулгүй байдлын үүднээс давхардуулан жагсаал зохион байгуулахыг хориглох заалтаар Засаг дарга гурван хоногийн дотор бүртгэхгүй тухай хариу тайлбараа өгөх ёстой юм.
Сэтгэгдэл үлдээх