BBC - Ням гарагт Европын Холбооны Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Трамптай "сайн яриа өрнүүлсэн" гэж мэдээлэсэн. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоотой тарифын талаар хэлэлцээ хийх хугацааг долдугаар сарын 9 хүртэл сунгах болсноо зарлалаа.
Өнгөрсөн сард Трамп ЕХ-ны ихэнх бараанд 20 хувийн татвар ногдуулна гэж мэдэгдсэн ч хэлэлцээр хийх цаг гаргахын тулд 7-р сарын 8 хүртэл тарифаа хоёр дахин бууруулж 10 хувь болгосон байна.
Баасан гарагт Трамп ЕХ-той хийж буй хэлэлцээрийн хурдад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, 50 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлсэн юм. Тодруулбал баасан гарагийн үдээс хойш Цагаан ордонд Европын холбоотой хэлэлцээ хийхээс хэдхэн цагийн өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Трамп ЕХ-ноос АНУ руу илгээсэн бүх бараанд ногдуулах татварыг 6-р сарын 1 гэхэд 50% хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан.
Харин У.Ляйен утсаар ярих үеэрээ, тохиролцоонд хүрэхийн тулд ЕХ-нд илүү их цаг хугацаа хэрэгтэй гэдгийг хэлээд, шинэ тарифын талаар дөрөвдүгээр сард зарлахдаа анх тогтоосон хугацаа болох долоодугаар сар хүртэл татвар ногдуулах хугацааг хойшлуулахыг хүссэн байна. Д.Трамп ням гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, уг хүсэлтийг хүлээн авсан гэдгээ мэдэгджээ.
Сэтгэгдэл үлдээх