Ц.Туваан: Орлогоо нотол гэж байснаа сүүлдээ “Арын хар овоохой АН-ын буруу” болчихсон

Ж.Номин
2025-05-26

МАН-ын Бага хурал 5 сарын 21-ний 15:40 цагт эхлэн, 5 сарын 22-ны үүрийн 03:00 цагийн үед тарсан. Ийнхүү хурал дууссанаас хойш 5 өдөр өнгөрч байна. Гэтэл өдий болтол Ерөнхий сайд,  МАН-ын дарга Л.Оюун-эрдэнэ ард түмнийхээ өмнө гарч ирэх нь бүү хэл УИХ-ын чуулганд ч үзэгдсэнгүй. 

Энэ хооронд залуучууд 13 дахь өдрөө “Орлогоо нотол, огцрох амархан” гэж жагсаж, АН-ын дарга нь суудлаа өгөхөө мэдэгдэн, “тэр ч сайд болно, энэ ч сайд болно” гэж сошиалаар нэг таамаг, шуум өрнөв. 

Угтаа бол залуучууд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэнг “орлогоо нотол, нотолж чадахгүй бол огцор” гэсэн энгийн шаардлагыг тавьсан. Гэтэл орлогоо нотлохын оронд ард түмнээ “ялаа”-гаар нь дуудаж, “битгий горьд” хэмээн зэмлээд авав. Бүр орлогоо л нотолчих асуудлыг хэт улстөржүүлэн, 11 сард товлогдсон МАН-ын Бага хурлыг гэнэт зарлан, намын нөхдөөрөө өөрийгөө өрөвдүүлэн, АН-ыг жигшүүлэхийг оролдов. Бага хурал нь ч хуралдаж дуусаад бараг долоо хонох гэж байхад одоо болтол огцрох үгүйгээ өөрийн биеэр мэдэгдчихэлгүй “зугтаж” явна.

Эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаглалын буруутан АН болж, Засгаас хөөгдөх дээрээ тулаад байна. 

Тэгвэл АН-ын зарим гишүүдээс “Орлогоо нотол гэж байхад АН-ыг засгаас хөөх ёстой” гэх МАН-ын Бага хурлын шийдвэр болон “Хамтарсан Засгийн газар огцорвол Мега төслүүд гацна” гэх сүрдүүлгийн талаар байр суурийг нь сонслоо. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: 

- Орлогоо нотол гэж байснаа сүүлдээ “Арын хар овоохой АН-ын буруу” болчихсон байна. Бид зүгээр хараад суухгүй. Итгэл хүлээж сонгосон сонгогч, дэмжигч гишүүд маань байгаа тул дангаар шийдвэр гаргахгүй. Бид Засгийн газарт уригдаж орсон тул хөөгдөж гарахгүй. Асуудлаа ярилцаад, үнэхээр алдаа байвал буруугаа хүлээхэд бэлэн байна. 

Монгол Улс бол төрт улс. УИХ-аас баталсан шийдвэрүүд хэрэгжээд явах ёстой. Мэдээж хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 

- Ерөнхий сайдыг орлогоо нотол гэсний төлөө “Хамтарсан Засгийн газар муу ажиллаа, огцруулна” гэдэг бол хэн ч бодсон маш мангар үйлдэл болсон. Гэхдээ төр засгийн ажлыг тасалдуулмааргүй байна. Бүх яамд дээр ажил зогсчихсон. УИХ нь хурал биш болчихсон, сайд нар нь ирэхгүй. Энэ улстөржилтөө хурдан цэгцэлмээр байна. Удах тусмаа улс төр нь улам тэнэг болоод, “би сайд болно, тэр сайд болохгүй” гээд хоорондоо алалцаад байна. Энэ хооронд ирэх жилүүдэд юу хийх вэ гэх бодлогын төлөвлөлтүүд алдагдаж байна. 

Засаг унавал дахиад л эмхэлж байгуулаад явна. Монгол төрийн залгамж чанар байх ёстой. Би лав дараагийн Засгийн газраас нэхэх юм аа нэхнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe