Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Түүнийг хүүгийнх нь тансаг хэрэглээ, найз охиндоо бэлэглэсэн 250 сая төгрөгийн автомашин, 75 сая төгрөгийн бэлэн мөнгө, үнэт эдлэл, цүнх зэргээс үүдэн үндэслэлгүй хөрөнгөжсөн байх магадлалтай хэмээн үзсэн.
Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар уулзаж, МАН-ын бага хурлыг маргааш хуралдуулахаар товлосон. Энэ нь 369 гишүүний бүрэлдэхүүнтэй, МАН-ын их хурлын дараа орохуйц томоохон бүтэц юм.
Хуралдаанаар ЕС, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг хэлэлцэх эсэх анхаарал татаж байсан юм.
Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар "МАН-ын бага хурлаар Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудал яригдахгүй. Хамтарсан Засагтай байх эсэхийг ярина" хэмээн мэдээлэв.
Мөн тэр "Хамтарсан Засгийн газар яах гэж байгуулагдсан юм бэ гэдгийг ярих шаардлагатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ улс орны хөгжилд чөдөр тушаа болоод байсан олон асуудлууп байсан. Үүний гол шалтгаан нь улс төрийн талцал, хуваагдал, улс төржилт байсан.
Энэ 2024 онд Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан Засгийн газар өөрөө өнгөрсөн хугацааны улс төржилтөөс болж гацсан төслүүдээ хэрэгжүүлэх шаардлага байна, ингэж байж Монгол Улсын эдийн засаг тэлэх юм байна гэдэг агуулга дээр нэгдсэн.
Нөгөө талд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Баялагтаа эзэн Монгол уриа дэвшүүлж, ялалт байгуулсан. Үүний дагуу Баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийн гол концепц нь байгалийн баялаг бол ард түмний өмч. Энэ байгалийн баялгийг иргэн бүрт тэгш хуваарилах хуулийн зохицуулалтыг хийсэн. Энэ хүрээндээ улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон стратегийн ордуудын 34-51 хувийн Баялгийн сандаа төвлөрүүлж, тодорхой хуваарилалтын дагуу иргэдэд тэгш боломжийг бүрдүүлэх хуулийн хэрэгжилтийг хангахын тулд энэ Засгийн газар ажиллаж байна гэж харж байгаа.
Мэдээж энэ хуулийн хэрэгжилтэд сөргөлдөгч зүйлүүд гарч ирэх нь тодорхой. Лиценз эзэмшигчдийн эрх ашиг хөндөгдөөд ирж байгаа учраас энэ агуулга орж ирэх нь тодорхой. Энэ бол нийгэмд байдаг л эрүүл зүйл. Хамгийн гол нь ойлголцлынхоо түвшинд ойлголцож, ярилцаж, дараа дараагийнхаа асуудлууд руу алхах нөхцөл байдлыг л бий болгох ёстой болохоос биш улс төржилтөд ч ялагч байдаггүй. Тийм учраас маргааш бага хурлаар ойлголцолд хүрэх болов уу гэж харж байгаа" гэв.
Тэгвэл бага хурлаас Хамтарсан Засгийн газар байх нь зохисгүй шэсэн шийдвэр гарлаа гэхэд анхнаасаа хуулийн хүрээнд олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу алдаатай Засгийн газар байгуулсан намын дарга, Засгийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэд хариуцлага тооцох асуудал орхигдож магадгүй болоод байна.
Сэтгэгдэл үлдээх