Ж.Энхбаяр: УИХ Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд харш, ноцтой шийдвэр гаргалаа

Ж.Номин
2025-05-16

Гурил, улаанбуудайн импортын татварыг 2024 оны дөрөвдүгээр сард тэглэсэн. Ингэж тэглэснээр дотоодын үйлдвэрлэлийн 40 хувийг гаднын зах зээлд алдаад байгаа талаар салбарын сайд нь мэдээлж байсан. Тэгвэл Монгол Улсын Засгийн газар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгосонд тооцох тухай хуулийн төслийг өргөн бариад байсан. Гэвч өнөөдөр тус хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд хуулийн төслийг унагалаа.

Ийнхүү хуулийн төслийг унагаж байгаад эгдүүцсэн Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх хууль баталлаа. Монгол Улс үр тариа, улаан буудайн үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг бодлогыг гаргалаа. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд харш, ноцтой шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна. 

Энэ шийдвэрийг гаргахад УИХ-ын дарга өөрөө чиглүүлэн эсэргүүцэж, хуулийн төслийг унагаах ажлыг зохион байгуулж байгаад гутаж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалт ид явж байгаа энэ цаг үед Монгол Улсад улаан буудай шаардлагагүй, дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй, импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна. Өнгөрсөн парламентаар баталсан хуулийн үр дүнд Монгол Улсын газар тариалангийн салбарын тариалалт эрс унаж, гурил үйлдвэрлэл багассан. Олон сая доллароор гаднаас бэлэн гурил, малын тэжээл авдаг болчхоод байна. Энийг засъя, залруулъя гэсэн бодлогыг өнөөдөр УИХ дэмжсэнгүй. Улаан буудайн тариалалт байснаар мал аж ахуй тарга тэвээртэй, тэжээлтэй байж, ган, зудын эрсдэлээс ангижирна. Газар тариалалт хөгжсөнөөр хүнсний үйлдвэрүүд хөгжинө гэсэн үг. Гахай, тахиа, сүүний гээд олон эрчимжсэн аж ахуйнууд бий болно гэсэн үг. Энэ бодлогыг дэмжиж Засгийн газар Атрын IV аяныг зарлаж, улам бүр эрчимжүүлэх зорилт тавиад явж байгаа энэ үед газар тариалангийн суурь болсон үндсэн таримал болсон улаанбуудайн тариаг тариулахгүй бодлогыг УИХ баталлаа.

Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан үйлдэл. 

Дэлхийн бүх улс орон хоол хүнсээ нөөцөлж, хүнсний аюулгүй байдалд анхаарч, татаас дэмжлэг үзүүлж, болзошгүй эрсдэлд бэлтгэж байхад Монгол Улс яахаараа хамгийн чухал хүнсээ гаднын зах зээлд найр тавин өгч, дотоодын үйлдвэрлэлээ унагах бодлого барьдаг юм бэ” гэв. 

Түүний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчид асуудлаа танилцуулж, уг шийдвэрт хориг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Оюукаас илүү Амарбаясгалан жинкэн огцрох ёстой

Энх

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe