УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд болон түүний хүүгийн тансаг хэрэглээнээс үүдэлтэй орлого нотлох асуудал болон Ерөнхий сайдыг огцруулах зорилготой жагсаалын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Иргэдийн тавьж байгаа шаардлага бол зүй ёсны асуудал. Угаасаа хуулиараа төрийн ямар ч албан тушаалтан орлогоо хуулийн дагуу мэдүүлж байх ёстой. Жагсаалаараа эрүүл улс төрийн орчныг бий болгоосой гэж найдаж байна. Хамгийн гол нь үр дүн нь чухал. Гишүүд ч гэсэн үүнээс үг үйлдлээ хянаж явах ёстойгоо ойлгож, улс төр цэвэршин, шударга, эрх зүйт орчин бий болоход чухал нөлөө үзүүлэх болов уу гэсэн хүлээлттэй байна.
Би жагсаалыг дэмжиж байгаагаа үгээр илэрхийлчихлээ. Жагсаалд биеэр очихгүй.
Харин эцэг хүний хувьд ч тэр, эрх бүхий төрийн албан тушаалтны хувьд ч тэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ монголдоо ирээд байр сууриа илэрхийлж л таараа. Огцруулах асуудал ч нэлээд идэвхтэй яригдаж байна. Ер нь ямар ч улс оронд иймэрхүү нөхцөл байдал үүсдэг. Үүний гаргалгааг Үндсэн хуульд Ерөнхий сайд “Би огцрох уу, эс огцрох уу” гэж өөрөө импичмент хийж, УИХ-д оруулж ирэх зохицуулалттай байдаг. Манай Үндсэн хуульд ч ийм зохицуулалт байдаг. Хэрвээ би Ерөнхий сайдын оронд байсан бол энэ асуудлыг шууд л оруулж ирнэ. Хуулиараа УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх үү, эс үзүүлэх үү л гэсэн үг. Ийм л гаргалгааг би харж байна” гэсэн юм.
Түүнчлэн Засгийн газар огцорвол хэрэгжүүлэхээр төлөвлөсөн том мега төслүүд гацах уу гэх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Засгийн газар огцорлоо гээд том төслүүд гацчихгүй. Учир нь УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр батлагдчихсан. Хуулиар зохицуулагддаг учир хувь хүнээс хамаарахгүй. Төрийн ажил явдгаараа л явна” гэх хариултыг өглөө.
Мөн жилийн 200 гаруй сая төгрөгийн орлоготой хүний хүүхэд 30 саяар онгоц түрээсэлж, 20 сая төгрөг найз охиндоо шилжүүлж, 20-30 саяар нь бэлэг барих нь хэр боломжтой зүйл вэ гэх асуултад ийн хариулав.
Тэрбээр “Миний мэдэхийн HERO энтертайнментын тодорхой хувь нь Ерөнхий сайд дээр байгаа. Реклам, сурталчилгаа хийгээд ашиг орлого олоод явдаг байх. Дээрээс нь Ерөнхий сайдын цалин 10 гаруй сая төгрөг байгаа байх. Ерөнхий сайд төрийн өндөр албан тушаалтан гэдгээрээ төрийн тусгай үйлчилгээ авах хуулийн зохицуулалттай.
Өөрөөр хэлбэл, төрийн гурван өндөрлөгийн хамгаалалт нь орон байр, хоол хүнс, аюулгүй байдалтай холбоотой байдаг учир бүгдийг төр даадаг. Энэ ч нэг талдаа зөв. Тэгэхээр сар болгоны орлого болсон цалингийн зарцуулалт тэр хэмжээгээр багасна л гэсэн үг.
Хоол унд, СӨХ-ны төлбөр зэрэгт зарцуулах шаардлагагүй буюу төр даадаг. Тэгэхээр тодорхой хэмжээний цалингийн хуримтлал үүсэж л таараа. Түүгээрээ зохицуулсан байхыг үгүйсгэхгүй.
Онгоц түрээсэлсэн гэх асуудал хамгаалалт гэдэг утгаараа хуульд ямар зохицуулалт байдгийг мэдэхгүй. Гэхдээ төрийн ямар ч албан тушаалтан хувийн зорилгоор онгоц байтугай машин ч ашиглаж болохгүй” гэв.
Мөн тэрбээр “Улс төрд илт муухай нэг жишиг тогтоод байна. Ямар нэг асуудал гарахад тухайн улстөрчийн гэр бүл, үр хүүхдүүд рүү ордог. Жишээлбэл, сая Ж.Баярмаа гишүүн Ерөнхий сайд хоёрын дунд асуудал үүсэхэд Ж.Баярмаа гишүүний төрсөн ах, үр хүүхэд рүү орлоо. Энэ бол маш буруу жишиг.
Ямар нэг сенсац гарахад миний мэдэх хэдий ч амьдралдаа уулзаж үзээгүй эмэгтэйчүүдтэй намайг холбоод л, доромжлоод л явдаг. Сенсацыг сенсацаар дарах л зорилготой юм шиг байгаа юм.
Энэ хүрээнд би хохирч, надаас илүүтэй эмэгтэй хүний нэр хүнд сэвтэнэ гэдэг түүнээс илүү хохиролтой. Мань мэт нь ч яах вэ, улс төрд байгаад балбуулаад сурчихсан. Гэтэл гэм буруугүй эмэгтэйчүүдийг надтай холбож, гүтгэн доромжилдог. Тэр хүмүүс чинь амьдралтай хүмүүс, цаашид амьдрал нь үргэлжилнэ шүү дээ” гэсэн юм.
Сэтгэгдэл үлдээх