УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд”-ийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир Засгийн газраас хуулийн төслийг оруулж ирэхдээ хугацааг нь тулгаж, батлахгүй бол болохгүй гэж УИХ-ын гишүүдийг шахаж буй асуудлыг шүүмжиллээ.
Тэрээр "Хугацааг нь тулгаж оруулж ирээд батлахгүй бол болохгүй гэдэг юм УИХ руу хоёр дахь удаагаа орж байна. Өмнө нь Улс төрийн намын тухай хуулийг яг ингэж оруулж ирээд баталсан. Хэрэгжиж эхлэхэд 14 хоногийн өмнө хуулийг хэрэгжүүлж чадахгүй нь гэсэн л үндэслэл ярьж байна шүү дээ. Ийм байж болохгүй. Тэгвэл УИХ байгаад, тогтоол гаргаад хууль батлаад яадаг юм. Эсвэл та хэд анхнаасаа хугацаагаа хэлдэг байх ёстой.
Хоёрдугаарт, Засаг захиргааны нутаг дэвсгэр чинь өөрөө Засгийн газрынхаа бүтцийн байгууллага биз дээ. Засгийн газар нь орон нутагтайгаа зөвшилцөж чадахгүй тодорхойгүй байна гэсэн үндэслэл биччихсэн байх юм. Энэ яг юу гэсэн үг вэ. Мөн энийг хойшлуулах юм бол УИХ-ын 72 дугаар тогтоол уялдаа хангагдана гэсэн байна. Энэ чинь одоо хангагдаагүй явж байсан бол яагаад 14 хоногийн дотор оруулж ирж байгаа юм бэ.
Гуравт, сая тайлбар дээрээ хил хязгаар эргэлтийн зэргийг тогтоож чадахгүй байна гэсэн байна. Энэ ямар улс орны хил тогтоох гээд байгаа юм уу. Бид хөрш улсуудтайгаа хилийн цэг дахиж ярих гээгүй шүү дээ. Бүтэн туурга тусгаар Монгол Улс орон нутгийнхаа зохион байгуулалтыг хийх асуудал шүү дээ. Засгийн газар нь орон нутагтайгаа ажлаа ярьдаггүй юм уу. Тусдаа холбооны улс болчихсон юм уу?
Уг асуултад Монгол Улсын сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн "Шүүмжлэлийг хүлээж авч байна. Тэгэхдээ цаг хугацаа үнэхээр шаардлагатай байгаа юм аа. Олон газрууд өөр өөр саналтай байгаад байгаа. Бид явж явж ерөнхий төлөвлөгөөнийхөө хилийн дагуу эдэлбэр газрынхаа хилийг тогтоогоод явъя гээд тогтсон. Гэтэл найман газар ерөнхий төлөвлөгөө байхгүй байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөөнүүдийг маш хурдан хугацаанд хийж дуусгах хэрэгтэй байгаа. Хууль батлагдсанаас хойш сонгууль дөхчихсөн байсан учраас сонгууль гэж явж байгаад цаг хугацаа алдсан. Одоо илүү идэвхтэй ажиллана" гэж хариуллаа.
Сэтгэгдэл үлдээх