Т.Мөнхсайхан: Эмнэлгийн орны ашиглалт 62 хувьтай бөгөөд үүний 40 хувийг шаардлагагүй хэвтэлт эзэлж байна

.Graph
2025-05-14

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийн тайлан, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Манай улс 1000 хүн амд ногдох эмнэлгийн орны тоогоор дэлхийд наймдугаар байрт жагсдаг бол хэвтэн эмчлүүлэлтийн түвшнээр дөрөвдүгээрт ордог. Эмнэлгийн орны ашиглалт 62 хувьтай бөгөөд үүний 40 хувийг шаардлагагүй хэвтэлт эзэлж байгаа нь Дэлхийн банкнаас 2024 онд хийсэн судалгаагаар тогтоогдсон. Нас баралтын 14.0 хувийг аврах боломжтой тохиолдлууд эзэлж, үүний 50 хувийг хүүхдийн нас баралт эзэлсэн нь харамсалтай гэж сайд мэдээлэлдээ дурдаад, хэвтүүлэн эмчлүүлэхийн оновчлолыг сайжруулах шаардлагатай” гэлээ. 

Түүнчлэн архаг өвчнийг нэг удаа хэвтүүлж эмчлээд эдгэхгүй, харин тогтмол хяналтад байж, урт хугацаанд тогтвортой эмчилснээр үр дүн гарна гэдгийг тэрбээр онцолж, олон улстай харьцуулахад амбулаторийн тусламж, үйлчилгээ 30 хувиар доогуур байгаа тул үүнийг сайжруулах, үнийн хөнгөлөлтийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон юм.

ЭМДС-гийн 2025 оны төсвийг хэрэгжүүлэх хүрээнд тусламж, үйлчилгээг цочмог үеийн, төлөвлөгөөт, архаг өвчний үеийн гэж бүлэглэн эрэмбэлсэн байна.

  1. Цочмог үеийн амь нас аврах тусламж, үйлчилгээг тоо, хэмжээний хязгаарлалтгүй, тарифын өөрчлөлтгүйгээр гүйцэтгэлээр санхүүжүүлэх бол төлөвлөгөөт тусламж, үйлчилгээний тоо, хэмжээг гэрээгээр урьдчилан тохиролцож, хэтэрсэн тохиолдолд төлбөрийн 80 хувиар санхүүжүүлэх юм.
  2. Харин архаг өвчний тусламж, үйлчилгээг ЭМДС-гийн мөнгөн хөрөнгийн байдалд тохируулж, хязгаарлалттайгаар худалдан авах буюу төсөв хэтэрсэн нөхцөлд санхүүжилтийг зогсоохоор зохицуулжээ.

Энэ эрэмбэлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх үүднээс ЭМДС-гийн төсвийн хуваарийг сар бүр баталж, гэрээний тоо хэмжээг мөн сар бүрээр мөрдүүлж байгаа аж. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe