Энэ долоо хоногт Үндэсний номын баяр болно

.Graph
2025-05-14

Гурван өдөр үргэлжлэх 37 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баярыг тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Хүүхэд, залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар зохион байгуулж байна. 

Баярын үеэр номын үзэсгэлэн, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болох аж.   

Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцдог болжээ.

Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ нь гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн нийтлэгчидтэй харилцаагаа тэлсэн. Энэ хүрээнд 37 дахь удаагийн номын баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцохоор болжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe