Ерөнхий сайд төрийн тусгай албаны хамгаалалт дор сэтгүүлчдээс зугтжээ

Ж.Номин
2025-05-14

Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалт яг одоо Өмнөговь аймгийн Ханбогд суманд болж буй. Уг нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа бөгөөд үйл явдлыг сурвалжлахаар очсон сэтгүүлчид түүнээс хүүгийнх нь орлогын эх үүсвэрийг тодруулах гэж оролджээ.

Харамсалтай нь Ерөнхий сайд төрийн тусгай албаны хамгаалагчдынхаа далбаан дор сэтгүүлчдээс зугтсан байна. 

Энэ талаар gogo.mn сайтын сэтгүүлч Б.Эрдэнэчимэг “Ерөнхий сайд сэтгүүлчдээс зугтаалаа. Гашуун сухайтад ажиллаж буй сэтгүүлчдээс зугтаачихлаа. Том том бие хамгаалагч нь их сайн хамгаалдаг юм байна” хэмээн цахим орчинд нийтэлжээ.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш тоотой хэдхэн удаа л бүрэн хэмжээний ярилцлага өгсөн байдаг. Тодруулбал, сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэг, МҮОНТ-ын Монголын мэдээ сувгийн онцлох зочны ярилцлага,  реппер Сексцагаанбогдтой ярилцсан нэвтрүүлэг, сэтгүүлч Э.Энэрэлтэй хийсэн “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлага юм. 

Түүнчлэн “Ажлаа хий” жагсаалын үеэр иргэдийнхээ өмнө гарч ирснээс өөрөөр ямар нэг монтажгүй олны өмнө хэвлэлийн хурал хийж байсан тохиолдол байхгүй. Өөрөөр хэлбэл, тэрбээр чуулганы индэр, Засгийн газрын мэдээлэл өгөх индэр, тавилттай контент, ярилцлага, наадмын нэвтрүүлэгт л оролцож байв. 

Ардчилсан улсын Ерөнхий сайд бодлого шийдвэрээ ярьж, таниулж, асуудал тойрсон маргаанаар байр сууриа нээлттэй илэрхийлэх нь чухал. Ерөнхийд сайд Л.Оюун-Эрдэнэ ээ, жагсаалаас бусад үед, иргэдтэйгээ нүүр нүүрээ харж, хэвлэлийн өмнө гарч ирж, сэтгүүлчдийн хүссэн асуултад ямар ч засвар, монтажгүй нээлттэй ярих мөч чинь яг одоо тохиож байна. 

Монгол Улс үнэхээр ардчилсан улс мөн л юм бол, ардчилсан улсын Ерөнхий сайд л юм бол таныг сэтгүүлчдийн асуултад ил тод, нээлттэй хариулахыг уриалж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe