Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажлыг нээв

Ц.Чимэдцэеэ
2025-05-14

Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажлыг өнөөдөр нээж, Өмнөговь аймгийн Ханбогд сумд ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сунь Шаочэнь, БНХАУ-ын Чайна Энержи Группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Зоу Лэй, Хятадын төмөр замын барилгын корпорац (CRCC) -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Дай Хөгэнь болон хоёр улсын Засгийн газар, улс төр, өндөр түвшний албаныхан, холбогдох яам, агентлаг, байгууллагуудын удирдлага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү хэлэв.

"Монгол Улс БНХАУ-ын хооронд 1955 онд байгуулсан Замын-Үүд-Эрээний төмөр замаас хойш хийж буй хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын албан ёсны ажил 70 жилийн дараа эхэлж байна. Том төслийг хөдөлгөнө том эрх ашгийг хөндөнө гэсэн үг. Том сорилтуудтай нүүр тулж, даван гарна. Тийм учраас 18 жилийн хугацаанд үргэлжилсэн энэ хэлэлцээр цэг тавьж, түүх бүтээж чадлаа.

Монгол Улс БНХАУ-тай уул усаараа холбогдсон мөнхийн хөрш орнууд билээ. Өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаа нь Замын-Үүд боомт, Энхтайваны гүүр, Улсын их  дэлгүүр зэрэг хоёр улсын найрамдлын бэлгэ тэмдэг болж, ард түмний сэтгэлд хоногшсон нэгэн том бүтээн байгуулалт болж Монгол Улс болон БНХАУ-ын эдийн засгийн түүхэнд тодоор үлдэнэ гэдэгт итгэлтэй байна"

Анх 2004 оноос яригдаж, 2008 оноос хойш үргэлжилсэн хэлэлцээр ийнхүү бодит ажил болж байна.

Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллараар орлого нэмэгдэнэ.

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд хоёрдугаар сарын 14-нд гарын үсэг зурснаар энэ ажил эхлэхээр болж байв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe