ШУТИС болон Япон улсын Токиогийн их сургуулийн тэнхим хооронд оюутан солилцох болон хамтарсан судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монгол талаас “Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Барилга, Архитектурын Сургуулийн Хот байгуулалтын салбарын эрхлэгч профессор Э.Пүрэв-Эрдэнэ, Япон талаас Токиогийн их сургуулийн Инженерийн сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн профессор Акито Мураяама нар гарын үсэг зурж, баталгаажуулав.
Хамтын ажиллагааны санаачилгыг УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц анх дэвшүүлэн, хоёр сургуулийн хоорондын харилцааны эхлэлийг тавьжээ.
Ийнхүү бодит хамтын ажиллагаанд хүрч, хот төлөвлөлт, архитектурын чиглэлээр суралцаж буй залуусыг олон улсын түвшинд хөгжүүлэх, мэргэжлийн боловсролыг чанаржуулах, харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх талаар дэмжин ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд бакалавр, магистр, докторын түвшний оюутан солилцоо, багш, судлаачдын хамтарсан судалгаа, сургалт, дадлага, семинар, олон нийтэд зориулсан үзэсгэлэн, хэлэлцүүлэг зэрэг үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Санамж бичиг байгуулснаар талуудын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, оюутан, багш, судлаачдын мэргэжлийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм.
Мөн хоёр орны хотуудын туршлагад суурилсан судалгааг хамтран хэрэгжүүлэх, бодлого боловсруулагчид, мэргэжлийн холбоод, иргэдийг хамарсан төсөл санаачлах, хамтарсан боловсролын хөтөлбөр боловсруулах талаар санал солилцох суурь бий болжээ.
Сэтгэгдэл үлдээх