Улс төрчдийн танхил хүүхдүүдийн төлөөлөл

.Graph
2025-05-13

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том хүү О.Тэмүүлэн болон түүний ирээдүйн бэр Ө.Өгөөмөр нарын дуулиан үргэлжилж буй. 

Хэдэн арван саяар үнэтэй брэндийн цүнх, хувцас худалдан авч, тансаг зэрэглэлийн цахилгаан бараагаар гэрээ чимж буйгаа зарласан Ерөнхий сайдын ирээдүйн бэр. Амралтын газар бүхлээр нь түрээслэн, салют буудуулж, 20 саяын алмаазан бөгжөөр сүй тавьж байгаагаа дэлгэсэн Ерөнхий сайдын том хүү. 20 гаруйхан настай залуус хэний мөнгөөр, ямар орлогоороо энэ бүхнийг бүтээж байгааг иргэж сонирхож, орлогоо нотлохыг шаардаж байна. 

Ерөнхий сайд ч сүүлдээ ирээдүйн худаараа уянгын халилтай яриа өгүүлж, өрөвдүүлэх тактик хэрэгжүүлэх гэсэн ч хууртаж ханасан ард түмэн худал яриаг нь тэр дор нь илчилж хаялаа. 

Нийтэд мэдэгдэж байгаа нь л Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн, бэр Ө.Өгөөмөр болохоос биш улс төрчдийн хүүхдүүд яаж аархаж, баярхаж явдгийг ард түмэн төдийлөн мэдэхгүй. Тэгвэл улс төрийн том “акулуудын” танхил хүүхдүүдийн төлөөлөлтэй танилцацгаая.

Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир болон түүний бэр таеквондочин Б.Намуун

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир боловсролын зээлийн санд хар мөртэй нэгэн. 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад суралцуулах тухай” 2015 оны А/454 дугаар тушаалыг өөрчлүүлж, өөрийнхөө нэрийг шургуулсан хүү.

Өөрөөр хэлбэл, өөр хүүхдийн нэр дээр гарсан тушаалыг өөрчлүүлэн өөрийнхөө нэрээр шинэ тушаал гаргуулж, Мичиган Стейт их сургуульд Биосисmемийн инженер мэргэжлээр бакалаврын түвшинд 3 жил суралцахаар болж байжээ. 

Гэвч 2024 онд БЗС-тай холбоотой шуугиан дахин гарахад аав Я.Содбаатар нь “Бид Боловсролын зээлийн сангаас энэ зээлийг авахгүй гэдгээ илэрхийлж, хүсэлт гарган Боловсролын зээлийн сангаас нэг ч төгрөг аваагүй болохыг үүгээр мэдэгдье” хэмээн мэдэгдэл гаргаж байсан юм. 

Тэгвэл түүний хүү С.Төгс-Очир нь Монгол Улсын таеквондогийн шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУ-ын хэмжээний мастер Б.Намуунтай суусан. Өдгөө хоёр хүүхдийн аав ээж болсон хосууд багагүй тансаг амьдардгаа харуулдаг. Үнэтэй брэндийн хувцсаар гангарч, том том цэцгийн баглаагаа гайхуулдаг Я.Содбаатарын бэр Б.Намуун сүүлийн үед гараад буй сенсацаас болж сошиал хаягуудаа идэвхгүй болгожээ. Учир нь Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн болон бэр Ө.Өгөөмөр нарын тансаглалаас улбаалсан шуурганы дараагийн бай Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир, бэр Б.Намуун болох байв.

Тэдний талаарх мэдээллийг нэгэн нэрээ нууцалсан иргэн фейсбүүк групп дээр нийтэлсэнтэй холбоотойгоор “Б.Намуун сошиал хаягуудаа хаалаа” гэх хардлага гараад байгаа юм. Учир нь Б.Намууныг Я.Содбаатарын бэр гэдгийг тухайн потсноос өмнө олон нийт тийм сайн мэддэггүй байсан билээ. 

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн

С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн ч мөн цуутай нэгэн. 2001 онд төрсөн тэрбээр Боловсролын зээлийн сангийн асуудалд орооцолдож байсан буюу Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улс буюу Английн Бристолын Их Сургуульд сурах сургалтын төлбөр хэмээн 27,166 ам.доллар буюу 77,423,100 төгрөгийн зээлийг авсан байна.

Сургалтын төлбөрийн зээлийн асуудал сөхөгдөхөд Шадар сайд С.Амарсайхан “Аав нь өнөөдөр хариуцлагатай албан тушаалыг хашиж байгаагийнхаа төлөө хүүгийнхээ өөрийн хичээл зүтгэлээр олж авсан боломжийг бусдаар үгүйсгүүлж, чичлүүлэхэд хүргэж буйд аавыгаа өршөөгөөрэй” хэмээн уянгалж байсан билээ. Ийнхүү тэрбээр хүүгийнхээ зээлийг буцааж төлсөн байдаг.

Боловсролын зээлийн сангийн асуудал намжаад удаагүй байхад буюу 2024 онд түүний хүү А.Эрдэнэхүслэнгийн Зайсангийн аманд байрлах байшингийнхаа цонхоор буу тулган зогсож буй зураг олон нийтэд цацагдсан. Тухайн үед зургийг “Эвлүүлэг, худал мэдээлэл” байна гэж байсан ч eguur.mn сайт ELA технологи ашиглан эвлүүлэг биш, бодит зураг гэдгийг нотолсон байдаг. 

Түүнчлэн түүний буу шагайн зогсож буй байшин буюу Зайсангийн аманд байрлах 4 га газартай, 1302 м.кв хаусны гэрчилгээ нь С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн болон эхнэр Ч.Ичинхорлоо нарын нэр дээр бүртгэлтэй байв. Хашааныхаа үүдэнд болон гэрийнхээ үүдэнд хамгаалагчтай гэж байгаа. 

Генерал Б.Хурцын том охин Х.Намуун, хүргэн Б.Чилүгэн

Монгол Улсын Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцын том охин Х.Намуун мөн л боловсролын зээлийн сангийн асуудалд орооцолдсон. Тэрбээр Канад улсын Бритиш Колумбиа их сургуульд Философийн чиглэлээр суралцахаар БЗС-гаас 72 мянган ам.долларын зээл авсан бөгөөд ердөө 35 мянган ам.доллар эргэн төлсөн гэдэг. Гол асуудал нь тэрбээр хоёр ч шалгуурыг хангаагүй байж зээл авсан нь баримтаар нотлогдсон бөгөөд түүний аав нь улс төрд нэр нөлөө бүхий хүн байсан учир албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж хардаж байсан юм.

Тэрбээр энэ талаараа "БЗС-аас авсан зээлээ төлөх эсэх нь миний асуудал. Хувийн орон зайд бүү халд" хэмээж байжээ.

Тэгвэл Х.Намуун 2024 оны 10 сард “Болд” группийн ерөнхийлөгч Х.Болдбаатарын хүү Б.Чилүгэнтэй монголд хуримаа хийсэн. Хосууд бэл бэнчингээ гайхуулахаар дахин 2025 оны 1 сард Индонез улсад хуримын ёслол үйлдсэн юм. Х.Намууны нөхрийн аав Х.Болдбаатар нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийн төрсөн дүү аж. 

Шадар сайд Л.Гантөмөрийн охин Г.Хулан, Г.Ганзаяа, хүргэн Т.Саруултөгс

Монгол Улсын Шадар сайд, АН-ын дарга Л.Гантөмөрийн охин Г.Хулан нь АНУ-ын Брауны их сургуульд мэдээллийн технологи, компьютерын шинжлэх ухаан чиглэлээр БЗС-гаас 127 мянган ам.долларын зээл авч суралцсан байдаг. Түүнчлэн аудитын дүгнэлтээр сургалтын төрийн сан нь зарим суралцагчдад сургалтын төлбөр дээр амьжиргааны зардлыг илүү олгосон зөрчил илэрч байсан.

Эдгээр суралцагчдын нэрс дунд Г.Хулан нь мөн л багтсан байх бөгөөд хоёр ижил нэхэмжлэлээр давхардуулж 4 удаа гүйлгээ хийж 151.000 доллар (500 гаруй сая төгрөг) илүү олгосон хэмээн дурджээ. Л.Гантөмөр тухайн үед БСШУ-ны сайд байсан бөгөөд уг тушаалыг сайдын ажлаа өгөхөөс өмнө гаргасан байв. Улмаар олны анхаарлын төвд орсон Г.Хулан 2023 онд зээлээ бүрэн төлж, хаасан байдаг. 

Л.Гантөмөрийн бага охин Г.Ганзаяа мөн л олны анхаарлын төвд байдаг. Нөхөр Төөгөө буюу бүжигчин Т.Саруултөгстэйгөө гадаадаар зугаалж, тансаг амьдралаа гайхуулж явдаг нэгэн. 

Мэдээж бүх улс төрчдийн хүүхдүүд эрхээрээ хатаж, тансаг хэрэглээндээ туйлж, брэнд хөөж амьдардаггүй байх. Гэхдээ адаглаад ардын хүүхдүүдийн боломжийг хулгайлж, боловсролын зээлд хамрагдаад зээлээ эргүүлэн төлөөгүйнх нь төлөө, хийсэн ажил, олсон орлогогүй хүн хэдэн арван саяар цацаж, аархаж байгаагийнх нь төлөө улс төрч эцэг, эх нь хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Энд зүгээр л насанд хүрсэн хүний эцэг, эх гэдгээр нь яллах биш, харин төрд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтны хувиар насанд хүрсэн хүүхдүүдийнхээ өмнөөс ёс зүйгээ барьж, хариуцлагаа хүлээх тухай ярьж байна.

Хамгийн их баримт, нотолгоог дагуулж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та өөрийн болон хүүгийнхээ орлогыг нотол. Нотолж чадахгүй бол ёс зүйн хариуцлагаа хүлээгээд, албан тушаалаасаа огцорно уу. Танил технологиороо ирээдүйн бэр, худуудаа хөөдөхөө больж, эр хүн шиг олны өмнө тайлбараа тавина уу.

Сэтгэгдэл үлдээх

Цагдаагын дээд эрхнүүд дунд ч зөндөө л бдым даа хэн нэрэн ойрын хүн нь шүгэлдкү л бол ил гаркун дээ

Энх

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe