Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир өнөөдөр (2025.05.12) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригезийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, УИХ-ын гишүүн О.Номинчимэг нар оролцлоо.
Уулзалтын эхэнд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Родригез “Монгол, Кубын парламентын бүлгийн гишүүдтэй танилцаж байгаад баяртай байна. 1963 оноос хойш Куба улс нь Монгол улсын оюутан залууст үнэ төлбөргүй сурч боловсрох боломжийг нээж Засгийн газрын тэтгэлэг олгосоор ирсэн. Үүний ачаар 150 орчим Монгол залуус маань Куба улсад суралцаж төгссөн байна. Түүнчлэн хүний эрүүл мэнд болон мал амьтны эрүүл мэндэд хэрэгтэй био эмийн бүтээгдэхүүнийг оруулж ирэх тал дээр бид мөн хамтран ажиллаж байгаа. Цаашид илүү олон зүйл дээр хамтран ажиллахад манай улс үргэлж нээлттэй байна” гэдгийг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Ө.Шижир “Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгаад баяртай байна. Хоёр улсын хамтын найрсаг хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг. Монгол, Куба хоёр улс нь 65 жилийн хугацаанд маш олон хамтын ажиллагаануудыг амжилттай хийж гүйцэтгэсээр ирсэн. Хоёр орны Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн яам хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулуулахаар төслөө солилцон ажиллаж буйг сайшааж, дээд, өндөр түвшний айлчлалын үеэр эдгээр баримт бичигт гарын үсэг зурах боломжтой. Мөн спортын салбараа дэмжих зорилгоор манай улсын Боксын холбоо Кубын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа. Цаашид хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлэх болтугай” хэмээлээ.
Сэтгэгдэл үлдээх