АНУ Хятадад тогтоосон гаалийн татвараа 145%-иас 30%, Хятад 125%-иас 10% хүртэл бууруулна

Б.Сувданзаяа
2025-05-12

АНУ-ыг төлөөлөн Жеймисон Грир, Хятадыг төлөөлөн БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн нар Швейцарт худалдааны хэлэлцээ хийж буй билээ. Тэгвэл талууд даваа гарагт бүрэн дэлгэрэнгүй мэдээлэл бүхий хамтарсан мэдэгдэл хийнэ хэмээн мэдэгдээд байсан юм. Ийнхүү даваа гарагийн өглөө АНУ, Хятад хоёр улс худалдааны дайны хурцадмал байдлыг намжаахын тулд бие биеийнхээ бараанд ногдуулах татварыг 90 хоногийн турш бууруулахаар тохиролцсон байна. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хоёр тал лхагва гарагаас эхлэн татвараа 115 хувиар бууруулна гэж мэдэгдлээ. 

Тодруулбал хоёр тал гаалийн татвараа 115%-иар бууруулах юм. 5-р сарын 14 гэхэд АНУ Хятадын барааны гаалийн татвараа 145%-иас 30% хүртэл бууруулж, Хятад Америкийн импортын татвараа 125%-иас 10% хүртэл бууруулна гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ. 

Мөн БНХАУ-ын Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир нар "эдийн засаг, худалдааны харилцааны талаар үргэлжлүүлэн хэлэлцэх механизм" байгуулахаар тохиролцсон байна.

Өрнөөд байсан худалдааны дайн АНУ, Хятадын эдийн засагт хэдийнээ нөлөөлсөн юм. Баасан гарагт АНУ-ын боомтын албаны хүмүүс CNN-д хэлэхдээ, сүүлийн 12 цагийн хугацаанд нэг ч ачааны хөлөг Хятадаас баруун эргийн хоёр том боомт руу бараа ачсангүй. Ковид-19 тахлын дараа ч ийм зүйл болоогүйг дурдсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe