УИХ-ын 40 гишүүн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг санаачилсан тухай мэдээлсэн. Тэгвэл уг хуулийн төсөлтэй холбоотой маргаан, хэл ам гарч байгаа тул хуулийн төсөл санаачлагч гишүүдийн төлөөлөл мэдээлэл өглөө.
Татвар төлөгч нар зээлийн хүүг төлөх биш, тухайн төслүүд нь хурдан ашиглалтад ороод өөрөө зээлээ төлөх ёстой
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
- Хуулийн төслийг дөнгөж боловсруулаад санал авах түвшинд явж байна. D-parliament дээр тавигдаад хоёр өдөр л болж байгаа. Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газар руу санал авахаар явуулсан. Нэр бүхий гишүүд хуулийн хулгай, төсвийн хулгай хийх гэж байна гэх яриа гарсан. Тиймээс хуулийн төслийн талаар иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй гэж үзэн өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийж байна.
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан нь 2024 оноос хойш 3 удаа алдагдалгүй төсөв баталсантай холбоотой.
Учир нь, алдагдалгүй төсөв баталснаар гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа мега төслүүд гацанги байдалд орж, цааш урагшлах боломжгүй байдалд орсон.
Монгол Улс 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш 2014 оныг хүртэл нэн хөнгөлөлттэй зээлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл, ихэнхдээ нийгмийн чиглэлийн буюу ямар нэг үр ашиггүй, эргээд зээлээ төлөх чадамжгүй төслүүдийг хэрэгжүүлдэг байсан. Харин эдийн засгийн үр өгөөжтэй, өөрөө зээлээ төлөх чадамжтай төслүүдэд зээл авч байгаагүй.
2015-2020 оны хооронд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд нэн хөнгөлөлтэй зээл авах хэлэлцээрийг эксим банкнуудтай хийсэн байдаг. 2024 оноос хойш нэн хөнгөлөлттэй зээл авах ямар ч боломжгүй болсон. Үндсэндээ манай улс дунджаас дээгүүр орлоготой орон болсон.
Бид хуулийн төслөөрөө нэмж гадаад зээл авах тухай яриагүй. Мөн өрийн таазыг нэмэгдүүлэх гэсэн зүйл байхгүй.
12.6 их наяд төгрөгийн гадаад зээлийг ашиглаж байж одоо байгуулсан гэрээнүүдийг хэрэгжүүлж, эхлүүлсэн байгаа төслүүдээ дуусгах боломжтой болно. Үүнээс 5.7 их наяд төгрөгийг ашиглаж байж Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл ашиглалтад орно.
2025 онд гадаад зээлээс ашиглаж болох тааз 1.5 их наяд төгрөг байна. Жишээ нь, Газрын тос боловсруулах үйлдвэр дээр энэ жил зөвхөн 200 тэрбум төгрөг л ашиглах таазтай гэсэн үг. Гэтэл 2028 онд энэ төслөө дуусгана гэж үзвэл 3 жилд 1.6 их наяд төгрөгийг хэрэглэж байж хугацаандаа дуусгах боломжтой. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн төсөвт өртөг 900 гаруй тэрбум төгрөг.
Гэтэл энэ жил 70 тэрбум төгрөгийг л тавьсан. Яг энэ тавьсан төсвөөрөө явбал газрын тос боловсруулах үйлдвэр 2028 онд биш 15 жилийн дараа, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц 10 жилийн дараа ашиглалтад орохоор байна.
Тиймээс энэ хуулийн төслөөрөө бид зээлээ эргэн төлөх бүрэн боломжтой бүтээн байгуулалтын төслүүдээ сонгоод, төсвийн хязгаараас гаргах зорилго тавьсан.
Төслүүдийн хугацаа сунгагдах тусам нэг бол төсвөөс санхүүжилт нь гардаг, нэг бол гадаад зээлээ нэмдэг. Энэ бүгд татвар төлөгчдөөс л гарч байгаа гэсэн үг. Нэг удаадаа энэ хуулиа батлаад, татвар төлөгч нар зээлийг нь төлөх биш, тухайн төслүүд нь хурдан ашиглалтад ороод өөрөө зээлээ төлөх ёстой.
Товчхондоо, УИХ-аас соёрхон баталсан, Үндэсний аюулгүй байдлыг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт орсон, импортыг орлох, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа нөхөх боломжтой 3 төслөө нэг удаа төсвийн хязгаараас гаргах тухай хууль юм.
Өрийн таазнаас хэтэрсэн зүйл байхгүй
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
- Яагаад энэ гурван төсөл гэж гайхаж байж магадгүй. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах гэх гурван төсөл нь ашиглалтад орсноор маш хурдан зээлээ эргэн төлөх боломжтой төслүүд юм.
Зээл авчхаад төслөө урагшлуулахгүй байж татвар төлөгчдийн мөнгөөр хүү төлөөд явж болохгүй.
Өрийн таазнаас хэтэрчихсэн зүйл байхгүй. Өрийн таазыг дахиад ашиглах 45 хувийн зай бий. Анхны өргөн барьсан төсвийн төслөөрөө 2.5 их наяд төгрөгийг гадаадын зээлээр хэрэгжих төслүүд дээрээ ашиглана гэж байсан ч алдагдалгүй төсөв батална гээд 1.5 их наяд төгрөг болгоод бууруулчихсан. Ингээд үр ашигтай томоохон төслүүд зогсох байдалд хүрээд байна.
Мега төслийн санхүүжилтийг төсөвтэйгөө хутгадаг улс манайхаас өөр байхгүй
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:
- Монгол Улс алдагдалгүй төсөв баталсан нь харамсалтай зүйл гэж бодож байна. Учир нь бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын төсвүүд хасагдсан. Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн 5 нь говийн бүсэд байгаа. УИХ-аар соёрхон батлуулсан эксим банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих том мега төслүүдийн санхүүжилтийг төсөвтэйгөө хутгачихдаг улс манайхаас өөр байхгүй.Гадаадын улс орнууд бүгд мега төслүүдээ тусад нь авч үздэг.
1 сургууль барих гэж 4 жил төсвийг нь хувааж байж барьдаг шиг том төслүүдээ яг тийм байдалтай болгочихсон.
Газрын тосны үйлдвэр ашиглалтад орох хугацаа нь хойшилсноор жил бүр 1.2 тэрбум долларыг гадагшаа алддаг. Сүүлдээ бүр 1.7 тэрбум төгрөг боллоо. Монгол Улсад хэрэгжиж байгаа зарим хуулийн төсөл үнэхээр ажил гацаасан, хэрэгцээгүй заалтуудаар дүүрэн байна. Жишээ нь, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль нь төр, хувийн хэвшил хэзээ ч хоорондоо түншилж болдоггүй зохицуулалтыг хийчихсэн. Чөдөр, тушаа болчихсон. Тендерийн тухай хууль нь ч гацаа. Тиймээс эдийн засгийн ач холбогдолтой том төслүүдээ ашиглалтад оруулахад энэ хуулийн төсөл чухал үүрэгтэй.
Хуулийн хулгай гэж ярьж байгаа хүмүүс өөрсдөө монголын ирээдүйг хулгайлж байна шүү
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
- Ажлын байрыг нэмэгдүүлж, гадагшаа урсаж байгаа валютыг тогтоон барих, импортыг орлох бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох, эдийн засгийг тэлэх томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийнэ гэж ард түмэндээ амлалт өгсөн. Энэ амлалтдаа УИХ, Засгийн газар хүрэх ёстой. Улстөрчид үүнийгээ ухамсарлах ёстой. Түүнээс биш бүх зүйлийг хуулийн хулгай гэж ярьж болохгүй. Харин ч тэгж ярьж байгаа хүмүүс өөрсдөө монголын ирээдүйг хулгайлж байгаа шүү. Энэ бүтээн байгуулалтуудын өртөг өсөх тусам алдагдлыг нь ирээдүйд таны бяцхан үрс ажлын байран дээр гарсан хойноо төлөх гээд байна.
Авсан зээлээ ашиглаж чадахгүй, хүү төлөөд явж байдаг л улс боллоо.
Ганцхан жишээ дурдахад, өнөөдрийн байдлаар бид 2 тэрбум долларын нефть хэрэглэж байна. Хэрэв газрын тосны үйлдвэр ашиглалтад орчихвол 50 хувийг нь дотоодоосоо хангах боломжтой болчихно.
Гадагшаа урсгаж байгаа 2 тэрбум долларын 1 тэрбумыг нь дотооддоо авч үлдэх боломжтой шүү.
Энэ ерөөсөө төсвийн тодотголтой холбоотой асуудал биш. УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээнд санаачилсан хуулийн төсөл. Монгол Улс эрчим хүчний хараат байдлаас гарч, нефтээ дотоодоосоо хангах ёстой гэж ярьдаг хэр нь энийгээ хийхгүй, хийлгэхгүй байхын төлөө сүржин дуугарч байгаа хүмүүсээс ам асуугаарай гэв.
Ташрамд, уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тэргүүтэй 40 гишүүн санаачилсан бөгөөд эдгээр гишүүд нь АН, МАН, ХҮН намаас буюу засаг барьж буй 3 намаас бүрдэж буй юм.
Сэтгэгдэл үлдээх