Хүүхдийн байгууллага 100 жилийн ойгоороо хүүхдийн эрхийн зөрчилд нүдээ тас анив

Ц.Чимэдцэеэ
2025-05-09

Хүүхдийн байгууллага байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. 

1925 онд их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г байгуулж байжээ.

Ойн хүрээнд Төрийн ордонд хүндэтгэлийн чуулга уулзалт зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар болон Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлсэн. 

Тэгвэл энэ 100 жилийг баярлан тэмдэглэхээсээ илүү “хүүхдийн” гэх тодотголыг нь бодож, Монголд хүүхэд хэрхэн өсөн бойжиж буйг эргэцүүлэн оновчтой шийдэл, асуудалд гаргалгаа эрэлхийлэх нь чухал.

Долоохон хоногийн өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 24 дэх илтгэлийг танилцуулсан. Эндээс хамгийн сэтгэл эмзэглэм мэдээ нь сүүлийн 5 жилийн хугацаанд 1630 хүүхэд хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн хохирогч болсон тухай байв.

Гэмт хэрэг, ялангуяа бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь ядуурал, иргэдийн болосрол мэдлэг тааруу байгаагаас үүддэг. Иймд төр засгаас хүүхдийн гэх тодотголтой аливаа бүхнийг авч үзэхдээ эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй болохоо ухаарах ёстой.

Гэтэл Ерөнхий сайд нь ард түмний босгосон Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр барилга байгууламж л барих асуудлыг ярьж байна. Хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр дараах 5 барилгаас эрэмбэлж байгаад барих юм гэнэ. Үүнд,

  • Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон
  • Хүүхдийн спортын ордон
  • Хүүхдийн урлагийн ордон
  • Хүүхдийн дөрвөн улирлын зуслан
  • Хүүхдийн бүсчилсэн хөгжлийн төв 

Хүүхдэд ямар асуудал тулгамдаж, эрх нь яаж зөрчигдөж байгаа билээ. Эрэмбийн хувьд хүүхдэд зориулсан барилга байгууламж гэхээс илүү хүүхдийн эрхийн зөрчлийг арилгахад хөрөнгөө зарцуулмаар. 

Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал “Эрэмбийн хамгийн эхэнд ямар шалгуураар Хүүхдийн зуслан орчихвоо? Хүүхдийн зуслангаас илүү чухал асуудал байгааг яагаад сайд, дарга нартаа хэлэхгүй байгаа юм бэ” гэжээ.

Мөн Сэтгүүлч У.Болортуяа "Дарга нар системээ бүтээчхээд, хүүхдийн төлөө ажилладаг нийгмийн халамжийн, хамгааллын бодлоготой болчхоод баяр тэмдэглээч ээ! Ичээч ээ! Асрах газар нь хүрдэггүй. Нярайг авах асрах олддоггүй. Хувийн асрах газрууд чүү ай хүүхдүүдээ хооллодог. Төсвөөс хоолны мөнгөнөөс өөр мөнгө өгдөггүй. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, эмчлэх систем байхгүй. Жилд 200-300 хүүхэд хүчирхийлэлд өртдөг. Засгийн газар, УИХ сонсоод л өнгөрдөг. Юу ч хийдэггүй! ХЭҮК тайлан гаргаж өгөөд л дуусдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрх байнга үргэлж зөрчигддөг хэвээрээ. Баярлах ямар шалтгаан байна" хэмээн бодит асуудлыг хөндөн үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Үүгээр зогсохгүй ганц зохион байгуулж буй ойн арга хэмжээ нь ч бүтэлгүйтсэн аж. 

Уран бүтээлч Б.Жавхлантөгс тус арга хэмжээнд үнэ төлбөргүй оролцохоор болсон ч зохион байгуулагч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн өөрөө буруутайс мэт ойлгогджээ. Тухайлбал, Төрийн дууллын аяа эрт өгсөн ч түүнийг ашиглаагүй. Ая ч байхгүй байсан тул хүүхдүүд хуучин, тохиромжгүй аянд дуулахад хүрсэн. Цагийн зөрүү, зохион байгуулалтын хомсдлоос үүдэн тайзан дээр гарахад асуудал үүссэн аж.

Дүдү шинжлэх ухааны музейн санаачлагч Д.Мөнхтулгад урилга авсан ч арга хэмжээнд оролцохоор орох гэхэд нь нэр бүртгэгдээгүй гэх шалтгаанаар оролцож чадаагүй байна.

Энэ зэргээр асуудал дагуулсан Хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө. Гэхдээ хүүхдийн асуудлууд шийдлээ хүлээсээр хоцров.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe