Пап Францис 2025 оны 4 сарын 21-ний өдөр 88 насандаа таалал төгссөн билээ. Тэгвэл түүний орыг залгамжлах дараагийн Папыг тодруулахаар Ватиканы хаалттай чуулган хоёр хоног үргэлжилсэн.
Ийнхүү Кардинал Роберт Фрэнсиси Превостыг Папаар сонгожээ. Тэрбээр АНУ-аас тодорсон анхны Пап болж, Лео XIV хэмээх шашны нэр хүртсэн байна.
Лео XIV Папын үүргээ хүлээн авсны дараа Систиний сүмийн тагт дээрээс Ватиканы Гэгээн Петрийн талбайд цугласан олон мянган хүнтэй "Та бүхэн амар амгалан байг" хэмээн мэндчилжээ.
Пап XIV Лео буюу Роберт Францис Превост нь АНУ-ын Иллиной мужийн Чикаго хотод 1955 оны 9 сарын 14-нд төрсөн, өдгөө 69 настай.
1977 онд Виллианова их сургуулийг математикийн шинжлэх ухааны бакалавр, 1982 онд Чикаго хотын Католик Теологийн сургуулийг магистрын зэрэгтэй төгсжээ. Түүнчлэн Ром хот дахь Гэгээн Томас Аквинагийн нэрэмжит Папын мэдлийн их сургуульд 1984 онд шашны хуулийн лиценциат, 1987 онд докторын зэрэг тус тус хамгаалсан байна.
1985 оноос хойш тасралтгүй 20 жил Перу улсад санваартнаар ажиллаж, 2001-2013 онд Гэгээн Августины ордерийн удирдагчаар ажиллажээ. Мөн 2014 оноос Перу улсын Чиклайо шашны хүрээний Апостолик тэргүүнээр сонгогдсон ба 2015 онд Пап Францис түүнд хамба ламын хэргэм хүртээж, 2023 онд кардиналаар сонгосон байдаг.
Ийнхүү 2023-2025 оны хооронд Гэгээн Ширээт Улсын Хамба лам нарын хэрэг эрхлэх яамны сайд, Латин Америкийг хариуцсан Папын Комиссын Ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
Түүний хувьд англи, испани, итали, франц, португал хэл эзэмшсэн, латин болон герман хэлний мэдлэгтэй нэгэн аж.
Тэрбээр Католик шашны түүхэнд Хойд Америкаас тодорсон анхны Ромын Пап хэмээн тэмдэглэгдэж байна.
Сэтгэгдэл үлдээх