Харанга хамтлагийн ахлагч, гоцлол гитарчин, МУГЖ, Монгол Улсын Төрийн шагналт Ц.Энхманлай өнөөдөр буюу 5 сарын 7-ны өдөр бурхны оронд заларлаа.
Тэрээр “Харанга” хамтлагийг байгуулахаас өмнө 1974 онд Ногоон гэрэл хамтлагт гитарчнаар орон, уран бүтээлийн замналаа эхэлж байжээ. Түүнчлэн 1986 онд циркт гитарчнаар орж, “Цирк Эстрад” хамтлагийг байгуулж байсан түүхтэй. Энэ дунд “Айзам”, “Соёмбо” хамтлагт ч тоглож явжээ.
Ийнхүү 1989 онд Ц. Чулуунбат, Н. Пүрэвдаш, Я. Одсүрэн, Х. Лхагвасүрэн нартай хамтран Харанга хамтлагаа байгуулж, хамтлагийнхаа дууны үг, аяыг бичдэг байсан дундаршгүй авьяастай нэгэн байв.
Тэрээр хамтлагтаа хамгийн анхны гавьяат жүжигчин цолыг хүртсэн төдийгүй Монгол Улсын төрийн шагналт эрхэм юм.
Харанга хамтлаг 35 жилийн ойн хүрээндээ “Haranga35 - Амьдрал” тоглолтоо өнгөрсөн оны 11 сараас хойш АНУ, БНСУ, Япон, Австрали, Унгар, Австри, Швейцар, Швед, Герман, Чех, Бельги, Англи улсад амжилттай зохион байгуулж, 2025 оны 4 сарын 24-нд дуусгаад байв.
Түүний биеийн байдал тааруу байсан гэх эх сурвалжийн мэдээлэл байгаа бөгөөд ийнхүү 68 насандаа таалал төгсжээ.
Ташрамд, "Хар сарнай" хамтлаг "Харанга" хамтлагт эмгэнэл илэрхийлж, 35 жилийн ойн тоглолтоо цуцлаад байна.
Талийгаачийн ар гэр, найз нөхөд, "Харанга" хамтлагийнханд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл үлдээх
Хайран сайхан ах минь дэндүү сайхан хүн байлаа анх намайг ХАРАНГА гэдэг хамтлагт хөтөлж сонсдог бологсон томоохон төлөөлөл минь УМ МА НИ БАД МЭ ХУМ😢😢🙏🙏
Мөнгөншагай
Дэмжих үү?
0 0