Д.Үүрцайх: Х.Нямбаатар өөртөө бүх эрх мэдлийг авах гэж байна

.Graph
2025-05-07

Улаанбаатар хотыг 14 хот болгохтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаар иргэн Д.Үүрцайх, Т.Золбоот, Ц.Лут-Очир нар мэдээлэл өглөө. 

Иргэн Д.Үүрцайх “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн жил ямар ч хэлэлцүүлэггүйгээр баталсан. Тус хуулийг 2025 оны 6 сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөхөөр байгаа. Гэтэл энэ хууль Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын нэг болох “Тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг бие даан шийдвэрлэх эрх нь зөвхөн иргэдийн төлөөлөгч, нутгийн өөрөө удирдах байгууллагад олгогдоно” гэдгийг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл ИТХ-ын эрхийн шинэ хуулиар хот, тосгоны зөвлөл гэх байгууллагад өгчхөж байгаа юм. 

Энэ бол Хотын дарга Х.Нямбаатар, ХУД-ийн Засаг дарга байсан, одоо УИХ-ын гишүүн байгаа Ж.Алдаржавхлан нарын санаачилга.

“Иргэд өөрсдөө Засаг даргаа сонгодог болъё” гэх шаардлагыг далимдуулж, нийслэл дээр бүх эрх мэдлийг төвлөрүүлэх гэж байна. Хот тосгоны эрх зүйн байдлын хуулийн 7.1 дээр “Хот нь хуульд өөрөөр заагаагүй бол оршин байгаа тухайн аймаг, эсхүл нийслэлд харьяалагдана” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар өөртөө бүх эрх мэдлийг авах гэж байна. Эрх мэдлийг задалж байна гэж худлаа яриад байгаа. Х.Нямбаатар гэх хүний галзуурлыг Үндсэн хуулийн цэц зогсоох хэрэгтэй.

Тэгэхгүй бол Үндсэн хуульт ёс, нутгийн өөрөө удирдах ёс, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал асуудалд орж байна. Тиймээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаагаа мэдэгдэж байна” хэмээсэн юм.

Иргэн Ц.Лут-Очир “Улаанбаатар хотыг 14 хот болгон хувааснаар баян ядуугийн ялгааг улам нэмэгдүүлэх магадлалтай. Учир нь, Баянхошуу, Толгойт гээд тусдаа хот болголоо гэж бодоход тухайн хотын орлого нь юу байх юм? Тэр бүсүүдэд бизнес эрхэлдэг томоохон ААН байхгүй шүү дээ. Ямар ч орлогогүй байгаа. Гэтэл тусдаа хотууд байгуулчихаар наад зах нь тухайн хот өөрсдөө тохижилт үйлчилгээний зардлаа гаргаж, хүмүүсээ цалинжуулж ч чадахгүй. Улам л иргэдийнх нь амьдрал дордоно. Томоохон ААН-үүд бүсүүд орлогоосоо бусад хотдоо хуваахгүй. Тэгэхээр Зайсан орчим жишээ нь улам л баячуудын хот болж хувирна. Нийгмийн талцал үүсгэх эрсдэлтэй” гэв. 

Ташрамд, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулах хуулийн төсөл өргөн барихаар болсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe