Эрүүл мэндийн салбарын “Эрдэнийн чагнуур”-ын эзэд тодорлоо

.Graph
2025-05-07

С.УРТНАСАН

Сувилагчдын баярыг угтан сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг алдаршуулах, нэр хүндийг нь өргөх, нийгэмд таниулах зорилгоор Эрүүл мэндийн яам, МҮЭ-ийн холбоо, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, МҮЭ-ийн Соёлын төв ордон зэрэг байгууллагуудтай хамтарсан “Эрдэнийн чагнуур” хоёр дахь удаагийн шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр зохион байгуулагдлаа.

Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 30 орчим сая сувилагч ажилладаг. Үүний 20 мянга нь манай улсад ажиллаж байна. Цар тахлын дараа сувилагчийн эрэлт хэрэгцээ хоёр дахин нэмэгдсэн гэдгийг олон улсын хөдөлмөрийн судалгааны байгууллагууд гаргажээ. Сувилагчийн мэргэжлийг ойрын 10 жилийн хугацаанд эрэлт хэрэгцээтэй бөгөөд цалин хөлс, орлого нь өсөх өрсөлдөх салбар болно гэдгийг ч бас тодорхойлжээ. Аюулт өвчнүүд сувилагчийн мэргэжлийг ямар чухал хэрэгцээтэй гэдгийг харуулсан. Дэлхий дээр 2.2 сая сувилагч хэрэгтэй байгаа бөгөөд үүний төлөө дэлхийн 160 гаруй орнууд өрсөлдөж байгаа ба энэ тоо хоёр дахин нэмэгдэнэ гэсэн статистик мэдээлэл байна.

Энэхүү шагналд улсын хэмжээнд ажиллаж буй сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд 13 төрөлд нэр дэвшин өрсөлдөж, Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд тодорч “Эрдэнийн чагнуур” шагналтан болсон юм. Энэ жилийн “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр анх удаагаа эрэгтэй сувилагч тодорлоо. Мөн “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” сувилагч өрсөлдөж шалгарлаа.

Тэр нь Мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй төрөлд “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр шалгарсан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сувилагч А.Мөнх-Эрдэнэ байсан юм. Тэрээр “Шагнал авсан сэтгэгдэл өндөр байна. Эрүүл мэндийн салбарт нийт 17 жил ажилласнаа үнэлүүлж ийм хүндэт шагнал хүртсэндээ баярлаж байна. Манай ээж эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн байсан болохоор багаасаа эмнэлгээр ирж очдог байсан. Эгч минь бас эрүүл мэндийн салбарт ажилладаг удам дамжсан сувилагч мэргэжилтэй. Ээжийнхээ зааж зөвлөснөөр энэ мэргэжлийг сонгож одоог хүртэл ажиллаж байна. Сэтгэцийн салбарт бусдаас онцлогтой хүмүүстэй харьцдаг учраас хүндрэлтэй зүйлс олон байдаг. Тэр бүхнийг олон жил ажилласан дадлага туршлагаараа нөхдөг. Олон улсад сувилагчийн цалин мөнгө, нийгмийн асуудлыг хэрхэн анхаарч ханддаг билээ түүний жишгээр монголд сувилагч мэргэжлийн цаг, хөдөлмөрийг бодитоор үнэлдэг болоосой гэж хүсдэг” гэж байлаа.

Өнөөдрийн үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо өнгөрсөн 11 жилийн хугацаанд “Алтан чагнуур” хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол “Эрдэнийн чагнуур” нэртэй шагналыг сувилагч нарын баярыг угтан хоёр дахь удаагаа энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Бид цаашдаа сувилагч мэргэжлийг сурталчлах, ямар ачаалал ихтэй ажил болохыг ард иргэдэд ойлгуулан таниулах ажлуудыг илүү олон хийх ёстой гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн салбарын тэмдэглэлт өдөр болон баяруудыг тэмдэглэн өнгөрүүлж нийгэм рүү чиглэсэн гол асуудлуудыг шийдэж шийдвэрлэх шаардлагатай санал бодлыг сонссон. Олон талт арга хэмжээнүүдийг илүү өгөөжтэй байдлаар хийж хэрэгжүүлж явах нь зүйтэй гээд эмнэлгийн салбарын баярууд нэлээд онцлог ихтэй болж байгаа. Сувилагчийн хомсдолыг хоёр тоон үзүүлэлтээр хэмждэг. Нэгдүгээрт эмч сувилагчийн харьцааг авч үзэхэд манай улсын хувьд дэлхийн түвшнээс нэлээд доогуур байна. Харин мянган хүнд ноогдох сувилагчийн тоогоор аваад үзвэл дундаж хэмжээнд явдаг. Тиймээс бид сувилагч мэргэжилтнүүдийг бэлдэхдээ нийгмийн эрүүл мэндийн бодлого руу чиглэсэн, нийгмийн сувилагч нарыг бэлдэх нь зөв гэсэн бодлоготой” гэлээ.

Мэс засал, гэмтэл, согог заслын сувилахуй төрөлд “Эрдэнийн чагнуур”-ын эзнээр шалгарсан Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийн Мэс заслын тасгийн ахлах сувилагч О.Сэрсмаа:

“Энэхүү хүндэт арга хэмжээнд байгууллагаа төлөөлөн “Эрдэнийн чагнуур” гэх нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна. Эрүүл мэндийн салбарт 1992 оноос эхлэн тасралтгүй 33 дахь жилдээ ажиллалаа. Өдийг хүртэл хүн ардынхаа төлөө гэсэн энэрэнгүй сэтгэлтэй сувилагч мэргэжлийг эзэмшсэндээ бахархалтай явдаг. Сувилагчдын өмнө хүний нөөцийн асуудал тулгардаг. Мянган мянган сувилагч, мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарч байгаа хэдий ч өнөөгийн нийгэмд цалин мөнгөний болон нийгмийн халамжууд багассан. Хүний сайхан сэтгэлээр энэ мэргэжлийг эзэмшин ажиллах боломж бага байгаа учраас орон тооны хомсдолтой тулгарсаар байна гэж бодлоо. Мэргэжлээ танин мэдүүлэх сурталчлах ажлыг сүүлийн гурван жил хийж байна. Залуу боловсон хүчнүүддээ энэхүү сайхан мэргэжлийг эзэмшвэл эргээд үр өгөөжөө өгдөг шүү гэж хувь хүнийхээ зүгээс зөвлөе” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 85 (7582)

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe