Олон улсын валютын сан, Дэлхийн банкны хаврын уулзалтад ОУВС-ийн тэргүүн Кристалина Гиоргиевнагийн тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өглөөний мэнд! Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Мөн сайхан танилцуулга хийсэн Марияд дахин талархал илэрхийлье.
Зургаан сарын өмнө яг энэ газар би эдийн засгийн бага өсөлт болон өрийн дарамт өндөр байгаа талаар ярьж байсан. Мөн тухайн үед би [эдийн засгийн] суурь үзүүлэлтүүд сайн байж уян хатан бодлогын үр дүнд улс орнууд томоохон шокийг даван туулах чадвартай байгааг онцолж ярьсан билээ.
Дэлхийн худалдааны систем дахин загварчлагдаж байгаа нь [улс орнуудын] эрсдэл даах чадвар хэр байгааг дахин шалгаж байна.
Санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал нэмэгдэж, худалдааны бодлогын тодорхой бус байдал урьд хожид байгаагүйгээр өндөр түвшинд хүрээд байна (Дүрслэл 1).
Дүрслэл 1. Хөрөнгийн зах зээлийн хэлбэлзэл, 2005-2025.04.14
Олон улсын худалдааны зөрчил нэмэгдэхийн хэрээр дэлхийн хөрөнгийн зах зээлд үнэ цэн нь буураагүй боловч хувьцааны үнэ буурах үзэгдэл ажиглагдлаа (Дүрслэл 2).
Дүрслэл 2. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн индексүүд, 2025.04.15-ны өдрийн байдлаар
Энэ нь бид гэнэтийн бөгөөд асар их шилжилтийн ертөнцөд амьдарч байгааг сануулж байгаа тул биднээс үүнд оновчтой хариу үйлдэл үзүүлэхийг шаардаж байна. Бидэнд илүү тэнцвэртэй, эрсдэл даах чадвартай дэлхийн эдийн засгийг бий болгох бүрэн боломж бий. Үүний төлөө бид шуурхай арга хэмжээ авах шаардлагатай.
Иймд би өнөөдрийн яриагаа гурван үндсэн асуултад чиглүүлье. Өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?, түүний үр дагавар юу байж болох вэ? хамгийн чухал нь улс орнууд юу хийж чадах вэ?.
Нэгдүгээр хэсэг: Нөхцөл байдал ямар байна вэ?
Худалдааны хурцадмал байдлыг яг л удаан хугацаанд халж байгаад одоо буцлаад дэвэрч буй тогоотой шөлтэй зүйрлэж болохоор байна.
Том зургаар нь харвал өнөөдрийн нөхцөл байдлыг итгэлцэл суларч байгаагийн үр дүн гэж олгож болно. Олон улсын системд итгэх итгэл, улсууд өөр хоорондоо итгэх итгэлцэл буурч байна. Дэлхийн улс орнууд эдийн засгийн хувьд нэгдмэл байснаар олон сая хүнийг ядуурлаас гаргаж, дэлхий нийтийг бүхэлд нь эергээр нөлөөлсөн хэдий ч хүртээмжийн хувьд тэгш бус байсан. Хүмүүс гадаад улсад ажиллахыг зорьсноор нийгэм эзгүйрэх, хямд зардлаар ажиллах хүч нэмэгдсэнээр цалин буурах, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдсанаар үнэ нэмэгдэх зэрэг өөрсдийн амьдралд нь тулгарч буй шударга бус байдалд хүмүүс олон улсын эдийн засгийн системийг буруутгах боллоо.
Худалдааны гажуудал буюу тарифын болон тарифын бус хязгаарлалтууд нь тэгш өрсөлдөөнийг бий болгож чадаагүй гэж үздэг олон талт системийн талаарх сөрөг ойлголтыг бий болгосон. Эдгээр гажуудлыг бид дараах хоёр дүрслэлээс харж болно. Эхнийх нь 20 орчим жилийн турш АНУ-ын бодит тарифын хэмжээ тогтвортой нам түвшинд байсан ч сүүлийн арван жилд өссөнийг харуулж байна (Дүрслэл 3).
Дүрслэл 3. Тарифын хэмжээ
Хоёр дахь дүрслэл нь шинээр бий болгосон татаасны тоог – мөнгөн дүнгээр бус, тоо, ширхгээр харуулж байна (Дүрслэл 4). Тус дүрслэл нь бүрэн бус ч тарифын бус саад бэрхшээлийн ерөнхий хандлагыг харуулж байна.
Дүрслэл 4. Засгийн газраас олгосон татаасны тоо
Энэ дүр зураг өнөөгийн хурцадмал байдлыг үүсгэх шалтгаан болж байна. Зарим улс орнууд дүрмийн дагуу тоглож байхад бусад нь торгуулахгүйгээр системийг ашиглаж байна. Улмаар олон улсын худалдааны тэнцвэргүй байдал нь хурцадмал байдлыг өдөөж байна.
Үүний дараа үндэсний аюулгүй байдлын асуудал гарч ирнэ. Олон туйлт дэлхийд, бараа, бүтээгдэхүүн хаана үйлдвэрлэгдэж байгаа нь тэдгээрийн өртгөөс илүү чухал байх боломжтой. Үндэсний аюулгүй байдлын логик нь компьютерын чипээс эхлээд ган хүртэлх өргөн хүрээний стратегийн ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх шаардлагатай бөгөөд хэдий үнэтэй ч уг үнийг хүлээн зөвшөөрөхүйц гэж үздэг. Улс орнууд зөвхөн өөрсдөдөө найдах хандлага дахин эхэлж байна.
Эдгээр бүх асуудлууд ихсэж, биднийг үйлчилгээний салбараас илүүтэй үйлдвэрлэлийн салбарт анхаарал хандуулж, үндэсний ашиг сонирхол нь дэлхийд тулгамдаж буй асуудлаас дээгүүр тавигдаж, мөн шийдэмгий үйлдлүүд нь шийдэмгий хариу үйлдлийг өдөөснөөр тогоотой шөлийг дэврээж байна.
Хоёрдугаар хэсэг: Үр дагаврууд нь юу вэ?
Товч хариулбал: Чухал ач холбогдолтой.
Эхлээд тарифын талаар ярья. Саяхны бүх тарифын өсөлт, түр зогсолт, хурцадмал байдал, хөнгөлөлтийг нэгтгэн үзэхэд АНУ-ын бодит тарифын түвшин өмнө хойч үзээгүй түвшинд хүрсэн нь тодорхой байна (Дүрслэл 5). Бусад орнууд ч мөн адил хариу арга хэмжээ авч эхлээд байна.
Дүрслэл 5. АНУ-ын тарифын бодит хүү
Үүний дараа дам нөлөө байна. Нөлөө бүхий эдийн засагтай улс орнууд хоорондоо өрсөлдөх үед хөгжиж буй улс орнууд эдгээр үйл ажиллагаанд өртөж байна. Хятад, Европын холбоо, АНУ зэрэг улсуудын ДНБ-д эзлэх импортын хэмжээ харьцангуй бага боловч эдгээр улсууд дэлхийн хамгийн том гурван импортлогч орон юм (Дүрслэл 6). Гол дүгнэлт нь улс орнуудын хэмжээ том байхын хэрээр тэдний үйл ажиллагаа дэлхийн бусад оронд нөлөөлдөг.
Дүрслэл 6. АНУ, БНХАУ, Европын холбооны импортын ДНБ-д эзлэх хувь хэмжээ
Арай жижиг хэмжээтэй хөгжингүй эдийн засагтай болон хурдацтай хөгжиж буй зах зээлтэй орнуудын эдийн засгийн өсөлт нь худалдаанаас хамааралтай байдаг тул санхүүгийн хатуу нөхцөл байдалд илүү өртөмтгий байдаг. Харин хандивлагч/донор орнууд дотооддоо үүссэн нөхцөл байдалдаа түлхүү анхаарснаар бага орлоготой оронд үзүүлэх тусламжийн урсгал огцом буурч, нэмэлт сорилттой тулгарч байна.
Эдгээр хурцадмал байдлын нөлөө ямар байх вэ? Гурван гол ажиглалтаасаа хуваалцахад:
Үйлдвэрлэлийг өрсөлдөөнөөс хамгаалах нь нөөцийг үр ашигтай хуваарилах хөшүүргийг бууруулдаг. Худалдаа буурах тусам өнгөрсөн хугацааны бүтээмж болон өрсөлдөх чадварт давуу тал болдог. Хувийн хэвшил нь төрөөс дэмжлэг авах, хууль дүрэм эсвэл татвараас чөлөөлөгдөх, өндөр тариф ногдуулах зэрэг давуу эрх эдлэх боломжуудаар хангагддаг боловч эдгээр нь шинэ санаачлагд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Гэхдээ дотоодын зах зээл том байх нөхцөлд дотоодын өрсөлдөөн идэвхтэй байвал эдгээр сөрөг нөлөөг бууруулах боломжтой юм.
Ер нь худалдааг устай зүйрлэж болох юм. Улс орнууд тарифын болон тарифын бус хязгаарлалт тавихад урсгал нь өөр тийшээ чиглэдэг. Зарим орны тодорхой салбарууд хямд импортын бараа, бүтээгдэхүүнээр дүүрч, харин бусад орнууд бүтээгдэхүүний хомсдолд ордог. Худалдаа хэвийн үргэлжилж байгаа ч түүнд үүсэж буй тасалдал нь эдийн засгийн хувьд зардал дагуулдаг.
Бид ирэх долоо хоногийн эхээр нийтлэх "Дэлхийн эдийн засгийн төлөв"-д эдгээр зардлыг тооцож оруулах болно. Уг тайланд эдийн засгийн өсөлтийн төсөөлөл нэлээн буурсан ч эдийн засгийн уналт болох талаар дурдаагүй болно. Мөн зарим улс орны инфляцын төсөөлөл өссөн үзүүлэлттэй гарсныг харж болно.
Бид урт хугацаанд үргэлжилж буй тодорхойгүй байдал нь санхүүгийн зах зээлийн хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулж байна. Энэ сарын эхээр голлох бонд болон валютын зах зээлд ер бусын хэлбэлзэл ажиглагдлаа. Тодорхой бус байдал өндөр хэвээр байгааг үл харгалзан ам.долларын ханш суларч, АНУ-ын өгөөжийн муруй “инээмсэглэх” хэлбэрт шилжсэн (Дүрслэл 7). Ийм хэлбэлзлийг сэрэмжлүүлэг болгон авах нь зүйтэй. Учир нь санхүүгийн нөхцөл байдал муудахад бүгд хохирол амсдаг.
Нөгөөтээгүүр, зөрчилдөөнийг шийдвэрлэж, дахин тэнцүүлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ нь илүү сайн үр дүнд хүрэх боломжтой талаар Дэлхийн эдийн засгийн төлөвт тусгасан. Энэ бол миний илтгэлийнхээ сүүлийн хэсэгт ярихыг хүссэн зүйл юм.
Улс орнууд ямар арга хэмжээ авах боломжтой вэ?
Маш их, бүр түүнээс ч илүү.
Нэгдүгээрт, бүх улс орнууд өөрсдийн дотоодод үүссэн асуудлыг цэгцлэх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Тодорхой бус байдал ихсэж, шок олон гарах үед эдийн засаг болон санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах, өсөлтийн боломжийг нэмэгдүүлэх шинэчлэлүүдийг хойшлуулах боломжгүй болоод байна.
Эдийн засгууд шинэ сорилтуудтай тулгарч байгаа бөгөөд хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад өрийн дарамт өндөр байгаагаас шалтгаалан гарааны нөхцөл хамаагүй муу байна (Дүрслэл 8). Иймээс ихэнх орнууд бодлогын орон зайгаа дахин бүрдүүлэхийн тулд төсвийн шийдэмгий арга хэмжээ авч, төсвийн бодлогын хүрээнд нийцтэй арга зам руу аажмаар шилжих шаардлагатай байна. Харин зарим улс орнуудын хувьд үүссэн шок нь шинэ төрлийн төсвийн дэмжлэг шаардаж болох ч зайлшгүй ийм нөхцөл байдал үүсэн тохиолдолд төсвийн дэмжлэг нь зорилтот бүлэгт чиглэсэн, түр зуурын шинжтэй байх ёстой юм шүү.
Үнийн тогтвортой байдлыг хадгалахын тулд мөнгөний бодлого уян хатан, найдвартай байх шаардлагатай бөгөөд төв банкны хараат бус байдлыг хатуу чанд баримтлах нь чухал. Төв банкны ажилтнууд тоо, статистикаа (инфляц, түүний хүлээлт гэх мэт) нүд салгалгүй харж, туйлын хянуур байх хэрэгтэй.
Санхүүгийн салбарт банкны салбарын тогтвортой байдлыг хадгалахын тулд сайн зохицуулалт, хяналт шалгалт чухал хэвээр байна. Мөн банк бус санхүүгийн байгууллагаас үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг хянаж, үүнийг хязгаарлах шаардлагатай байна.
Хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнууд шокийг зөөлрүүлэх хэрэгсэл болгон ханшийн уян хатан бодлого баримтлах хэрэгтэй. Эдгээр орны бодлого боловсруулагчид ОУВС-гийн Цогц бодлогын тогтолцоо “Нэгдсэн Бодлогын Хүрээ”-г тайлангаас өөрийн улсад авах арга хэмжээний санаа авах боломжтой.
Төсвийн орон зай хумигдсанаар хүнд шийдвэр гаргах шаардлага бүх улсад үүсэж байгаа ч ялангуяа бага орлоготой улс орнуудад илүү хүндээр тусахаар байна. Эдгээр улс орнууд дотоод нөөц бололцоогоо дайчлан урьд өмнөхөөс илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай. Нөгөөтээгүүр олон улсын түншүүдийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байна. Энэ хоёр арга хэмжээний үр дүнд бага орлоготой улс орнууд реформ боломж нэмэгдэж, шаардлагатай санхүүгийн хэрэгцээ нь баталгаажих боломж бүрдэнэ.
Өрийн дарамттай байгаа улс орнууд тогтвортой байдлыг бий болгохын төлөө идэвхтэй арга хэмжээ авах хэрэгтэй бөгөөд зарим тохиолдолд өрийн бүтцийг өөрчлөх гэх мэт хүнд шийдвэр гаргах хэрэгтэй. Энэ хүрээнд Засгийн газрын өрийн Олон улсын дугуй ширээний хурал (Global Sovereign Debt Roundtable)-аас улс орны эрх баригчдад шийдвэр гаргахад туслалцаа үзүүлэх зорилгоор өрийн бүтцийн өөрчлөлтийн гарын авлагыг удахгүй нийтлэх гэж буйг дуулгахад таатай байна.
Эдийн засгийн потенциал өсөлтийг нэмэгдүүлснээр хүнд бодлогын шийдвэр гаргах шаардлага буурах боломж бүрдэнэ. АНУ-ын эдийн засгийн бүтээмжийн өсөлт өндөр үзүүлэлттэй байгаа бол бусад улс орны өсөлт харьцангуй бага байна (Дүрслэл 9). Тэгвэл бусад улс орнууд хэрхэн гүйцэх боломжтой вэ? Өсөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр банк санхүү, хөрөнгийн зах зээл, өрсөлдөөний бодлого, оюуны өмчийн эрх, хиймэл оюун ухаанд бэлтгэл хангагдсан байдал зэрэгт идэвхтэй шинэчлэл хийх шаардлагатай. Олон тохиолдолд төрөөс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд саад болж буй бэрхшээлийг бууруулахын тулд илүү ихийг хийх, өөрөөр хэлбэл өөрсдийн бий болгосон саад тотгоруудыг арилгах хэрэгтэй.
Дүрслэл 9. Улс орнуудын бүтээмжийн индекс, 2012-2024
ОУВС нь улс орнуудад макро эдийн засгийн зохицуулалт хийхэд болон реформ, шинэчлэлийг ахиулахад туслах болно. Одоогийн байдлаар манай байгууллагаас 48 улс төлбөрийн тэнцлийн хүндрэлээ шийдэх туслалцаа авч байна. Үүний нэг жишээ Аргентин улс бөгөөд тус улс ОУВС-гийн хамгийн сүүлийн үеийн, том хөтөлбөрийн хүрээнд зах зээлд суурилсан шинэчлэлийн хөтөлбөрт хамрагдаж байна.
Хоёрдугаарт, улс орнууд дотоод болон гадаад макро эдийн засгийн тэнцвэргүй байдлаа цоо шинэ өнцгөөр харж эхлэх нь туйлын чухал байна.
Хадгаламж, хөрөнгө оруулалт хоорондын дотоод тэнцвэр чухал гэдэг нь ойлгомжтой бөгөөд аль нэг тал руу хэт хазайх боломжтой байдаг. Дүрслэл 10-д эдийн засгийн нөлөө бүхий улс орнуудын хадгаламж, хөрөнгө оруулалтын хэмжээг ДНБ-д эзлэх хувиар харуулсан болно. Тэнцвэргүй байдал үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсэд үндэсний хадгаламжийн хандлага, бодлогын улмаас үүссэн гажуудал, хөрөнгийн зах зээлийн нээлттэй байдал, валютын ханшийн бодлого, хүн амын бүтэц зэрэг багтана. Төсвийн, мөнгөний, валютын ханшийн болон бүтцийн бодлогууд нь эдийн засгийг тогтворжуулах гол хөшүүргийг бүрдүүлдэг. Эдийн засгийг тэнцвэржүүлэх ямар ч бодлого бай эхний алхмыг тухайн улс өөрөө л хийх хэрэгтэй.
Дүрслэл 10. Дэлхийн улс орны хадгаламж, хөрөнгө оруулалтын хэмжээг ДНБ-д эзлэх хувь
Онол ёсоор дотоод тэнцвэр нь гадаад урсгал данс болон хөрөнгийн урсгалыг ч удирддаг (Дүрслэл 11).
Өөрөөр хэлбэл, дахин тэнцвэржүүлэх арга хэмжээ нь дотоод, гадаад болон дэлхийн гээд бүх түвшинд тогтвортой байдлыг сайжруулж боломжтой. Хөрөнгийн урсгал огцом буурсан эрсдэлтэй үед ч дээрх арга хэмжээ чухал ач холбогдолтой хэвээр байдаг. Мөн миний дээр дурдсанчлан гадаад худалдаа хэт ашигтай эсвэл алдагдалтай байх нь худалдааны хурцадмал байдал бий болох хөрс суурь болж байна.
Дүрслэл 11. Урсгал данс, 2024, тэрбум ам.доллар
ОУВС-гийхан дахин тэнцвэржүүлэх нь амаргүй ажил гэдгийг мэднэ. Урсгал данс ашигтай гарсан улс орнууд ихэвчлэн экспортлогч орнууд байдаг тул тохируулга хийх гэж яардаггүй. Нөгөөтээгүүр, хатуу валюттай орнууд, ялангуяа АНУ, урсгал дансны алдагдалтай хэвээр байх нь тэдэнд давуу талтай байдаг. Гэвч эцсийн дүндээ урт хугацааны турш ашигтай эсвэл алдагдалтай байсны үр дүнд эмзэг байдал хуримтлагддаг.
Бүх орнууд дотоод болон гадаад тэнцвэрээ сайжруулах бодлогын төлөө хамтдаа хичээж, үр дүнд нь бүгд эрсдэл даах чадвар сайтай, илүү сайхан амьдрах боломжтой.
Үүнийг гурван том орны жишээн дээр нарийвчлан авч үзье:
Дүрслэл 12. Дэлхийн нэмүү өртөгт аж үйлдвэрлэлийн эзлэх хувь
Эцэст нь, гурав дахь чухал гол бөгөөд хамгийн тулгамдсан асуудал болох олон туйлт ертөнцөд хамтын ажиллагааг хангах асуудлыг авч үзье.
Худалдааны бодлогын хүрээнд хамгийн том тоглогчдын хооронд хийгдэх төлбөр тооцоог найдвартай хадгалж, нээлттэй байдлыг хадгалах, илүү тэгш өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх зорилготой хэлэлцээрт хүрэх нь чухал бөгөөд үүний үр дүнд глобал эдийн засагт тарифын хувь хэмжээг бууруулах, тарифын бус хязгаарлалт болон гажуудлыг арилгах чиг хандлагыг эхлүүлэх шаардлагатай.
Бидэнд хуваагдмал байдал бус, дэлхийн эдийн засаг илүү эрсдэл даах чадвартай байх нь чухал. Энэ шилжилтийг хийхийн тулд хувийн хэвшилд шинэ нөхцөлд дасан зохицох болон үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардлагатай гэдгийг хэрэгжүүлэх бодлогодоо анхаарах нь зүйтэй. Эдийн засгийг эрсдэл даах чадвартай болгохын тулд нөхцөл байдал муудсан үед бодлогын шийдвэрүүдэд анхаарал хандуулах шаардлагатай. Хуваарилалтын бодлогууд нь эдийн засгийн өсөлт болон улс төрийн тогтвортой байдал хоорондын үндсэн гүүрийг бий болгодог.
Дүгнэж хэлэхэд, ирэх долоо хоногт болох манай ОУВС-ийн Хаврын уулзалтын үеэр 191 гишүүн орнууд оролцож, цаг үеийн тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Ойр ойрхон болж буй хүнд шокийн эрин үед бүх орнууд глобал эдийн засгийг сайжруулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй байгааг онцлох нь зүйтэй.
Эцэст нь хэлэхэд, бэрхшээл бүрд боломж нуугдаж байдгийг тэмдэглэхийг хүсэж байна. Хангалттай их хүчин чармайлт гаргахад боломжгүй мэт санагдсан зүйлс боломжтой болж, авирч боломгүй уулс өөд авирч, амин хувийн эрх ашгаас цаадхыг харж чаддаг билээ. Тайван сэтгэл, тодорхой алсын хараа, хүчтэй хүслээр хангагдсан үед өөрчлөлтийн үе нь шинэчлэлийн үе болж хувирдаг.
Хором бүрийг ашиглах нууц нь бүх хүчээ хуучин зүйлийг хадгалахад бус, илүү тэнцвэртэй, илүү тэсвэртэй дэлхийн эдийн засгийг бүтээхэд чиглүүлэхэд оршино.
Баярлалаа.
Эх сурвалж: Монгол банк
Сэтгэгдэл үлдээх