Шадар сайд С.Амарсайханы тушаалаар Стандарт, хэмжил зүйн газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лаборатори хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулжээ.
Тус ажлын хэсэг нь Улаанбаатарын зургаан зах, худалдааны төв, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Архангай аймгийн томоохон зах худалдааны төв, сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн газар, үр тарианы агуулах, хүнсний лабораториудад хяналт шалгалт хийсэн байна.
Хүнсний Аюулгүй байдлын лавлагаа лаборатори зах худалдааны төвүүдэд худалдаж байгаа жимс, хүнсний ногоо, хавар тариалахаар хадгалсан үр тариа, хүлэмжийн ногооноос нийт 242 дээж авсан.
Үүнээс Жимс, хүнсний ногооноос авсан 79 дээжийг түргэвчилсэн шинжилгээгээр шинжлэхэд 28 дээжид пестицидийн үлдэгдэл илэрчээ.
Хиамны цехээс 22 дээж авч шинжлэхэд 8 дээж шаардлага хангаагүй буюу нитрит, давс, колиформ илэрсэн байна. Харин үр тарианы 20 дээжээс шинжилгээ авахад 12 нь шаардлага хангаагүй, хог ургамал, хөнөөлт шавж, хачиг илэрчээ.
Шалгалтаар Сэлэнгэ, Архангай, Орхон аймгийн худалдааны төвийн Мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори итгэмжлэлгүй, лабораториуд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, лабораторийн орчин нөхцөл стандартын шаардлага хангаагүй зөрчил илэрсэн аж.
Харин Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гаралтай мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөгний эрүүл ахуй, чанар стандартад хийсэн шалгалтаар эмгэг төөрүүлэгч, нянгийн бохирдол, хөгц зэрэг зөрчил илэрсэн байна.
Сэтгэгдэл үлдээх