Гэр хорооллын бүсийг байгаль орчинд ээлтэй, утаагүй болгоход чиглэсэн “Ногоон барилгын” үнэлгээний систем манай улсад нэвтэрсэн байна. Энэ талаар Монголын Ногоон Барилгын Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Ц.Батгэрэлтэй ярилцлаа.
-Ногоон барилга гэж юуг хэлээд байна вэ?
-Ногоон байшин барина гэдэг нь айлууд яндангүй, нүхэн жорлонгүй байшинтай болно гэсэн үг. Хамгийн чухал ач холбогдол бол судалгаагаар тогтоогдсон өдөрт эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулдаг 4.5 цагийг байхгүй болгож байна.
Хөлсгүй хөдөлмөр гэдэгт гал түлэх, нүүрс, үнсээ асгах, усаа зөөх, бохир усаа асгах зэрэг ордог.
Яндангүй, өөрийн гэсэн бохирын системтэй, дахин боловсруулсан буюу саарал усыг яаж ашиглах зэрэг ногоон барилгын шаардлагыг хангаснаараа тэр хөлсгүй хөдөлмөрт зарцуулж байгаа цагаа өөрийнхөө боловсролд, өөртөө зарцуулах боломжууд бий болж байгаа.
-Ийм барилгууд бий болсноор агаарын бохирдлыг бууруулна гэж ойлгоод байгаа?
-Манай улсын хэмжээнд агаарын бохирдол, хөрсний бохирдол маш өндөр байна. Дээрээс нь усны нөөц багасч байна. Үүний шийдэл нь ногоон барилга. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад оруулах хувь нэмэр өндөр байна гэсэн үг. Дэлхий даяараа ногоон гэдэг чиг хандлага руу явж байна шүү дээ.
-Манай улсын хувьд хэрхэн энэ системийг нэвтрүүлэх болов?
-Монголын Ногоон Барилгын Хүрээлэн нь Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны захиалгаар ногоон барилгын үнэлгээний системийг улсын хэмжээнд бий болголоо. Систем гэхээр мэдээж хэрэг тогтолцоо зөв явах ёстой.
Энэ үнэлгээний систем бол олон улсад түгээмэл ашигладаг ОУСК-ийн EDGE, АНУ-ын LEED гэх мэтчилэн үнэлгээний системүүдийг судалсны үндсэнд хийсэн.
Гэхдээ улсынхаа онцлогт тааруулсан
Манай улсын хувьд өвөлдөө хасах 40, зундаа нэмэх 40 хүрч байна. Температурын хэлбэлзэл өндөр буюу эрс тэс уур амьсгалтай. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотууд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. Тийм учраас үнэлгээний системд хамгийн чухал үзүүлэлт бол тэсвэржилт.
Яагаад онцолж хэлээд байна гэхээр дээр дурдсан олон улсад түгээмэл ашигладаг үнэлгээний системд тэсвэржилт байдаггүй.
Манайд тодорхой шалгуураар үнэлж, "Best ger" гэрчилгээ олгоно.
Нэгдүгээрт санхүүгийн боломж буюу иргэнд бага хүүтэй, ногоон зээл олгох боломжтой болж байна. Нөгөө талаасаа усны болон эрчим хүчний хэмнэлтийг бий болгож, хэрэглээний зардал нь багасна гэсэн үг.
-Хэрхэн үнэлэх вэ?
-Хоёр төрлөөр үнэлнэ. Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан 600 м.кв-аас дотогшоо баригдсан амины орон сууцанд хялбаршуулсан буюу хоёр бүлгийн 12 шалгуур үзүүлэлтийг оруулсан. Хоёр бүлэг гэдэг нь Эрчим хүч ба усны хэмнэлт, Тэсвэржилт ба хүрээлэн буй орчны гэж байгаа.
Барилгын тухай хуулийн 10.1.2-10.1.5-д заасан төвөгшил өндөртэй, өндөр барилга, үйлдвэрийн зориулалттай баригдаж байгаа барилга, сургууль, цэцэрлэг, агуулах гэх зэргийг 6 бүлгийн 31 шалгуур үзүүлэлтийг хангасан байхыг шаардана.
-Гэрчилгээг хэрхэн олгох вэ?
-Ногоон барилгын гэрчилгээ олгох журам өнгөрсөн оны 12 дугаар сард Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайдын тушаалаар батлагдсан байгаа. Барилгын төлөвлөлт, барих, ашиглах 3 үе шатад хамаарах шалгуур үзүүлэлтүүдээрээ үнэлгээ хийнэ.
Төлөвлөлтийн үе шат буюу зураг төслийн үе шат дээрээ үнэлээд, энэ байшин ногооноороо баригдах гэж байна буюу Best ger-ийн A эсвэл B зэрэглэлийг хангасан байна гэдгийг баталгаажуулаад, урьдчилсан гэрчилгээ олгоно.
Энэ урьдчилсан гэрчилгээ бол банк тухайн иргэнд ногоон зээл олгох уу үгүй юу гэсэн шийдвэр гаргахад баталгаа болж байгаа гэсэн үг.
Баталгаа олгосны дараа томилогдсон ногоон барилгын аудитор барих үе шат болон ашиглалтад орох хүртэл үе шатуудад хамаарах шалгууруудаас хянаад, баталгаажуулж байгаад эцсийн үнэлгээний үр дүнгээрээ A, B зэрэглэлээс баталгаажуулж, “Best ger” гэрчилгээ олгоно.
-Утааг бууруулах хүрээнд Хотын дарга 50 мянган өрхийг дулаалж, цахилгаан болон хийн халаагуур тараана гэж байгаа. Энэ арга хэмжээ танай үнэлгээнд нийцэх үү?
-Үнэлгээнд бүрэн нийцэхгүй. Учир нь эрчим хүчний хэмнэлттэй, усны хэмнэлттэй, хүний бие хоргүй материал, материалын нөөцийн зөв ашиглалтыг хэмжих, материалд шингэсэн энерги багатай, хүлэмжийн хийн ялгарал багатай, тэсвэржилттэй, дотоод орчны чанар сайтай, хүрээлэн байгаа орчинд зөв байх гэсэн шалгууруудаас зөвхөн эрчим хүчний хэмнэлт гэдэг бүлэг шаардлагыг л хангаж байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх
Ymr goe shaadiin be 4.5tsag unsee asgadag ymuu bas emegteichuud hiij baigaan howor l bhda pichko naraa!
Zochin
Дэмжих үү?
0 0