Улс төржилтөд мартагдсан ХҮҮХДИЙН ЭРХ

Ж.Номин
2025-05-05

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл”-ийг танилцуулсан. Тус илтгэлээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрхийн асуудал сэдэвт дурдагдсан зарим тоон мэдээллүүдийг хүргэж байна. Харамсалтай нь, их улс төржилтийн дунд уг асуудал олон нийтэд хүрч чадсангүй. 

  1. 9 хувь - Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2024 онд өмнөх оноос 9 хувиар өссөн бөгөөд нийт 598 хүүхэд хохирчээ.
  2. 1630 - Сүүлийн 5 жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1601 гэмт хэрэг бүртгэгдэж, 1630 хүүхэд хохирсон байна. 
  3. 350 - Сүүлийн 5 жилийн хугацаанд шүүх шинжилгээний байгууллагад бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон гэх үндэслэлээр 4161 хүүхэд үзлэгт хамрагдсанаас 350 нь 0-6 насны хүүхэд байна. 
  4. 88 - Сүүлийн 5 жилийн хугацаанд насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах нийт 1413 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, 88 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 
  5. 152 - Сүүлийн 5 жилийн хугацаанд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 902 хүн ял шийтгүүлснээс 152 хоригдол хугацаанаасаа өмнө суллагдаж, 7 хоригдол өвчний улмаас ялаас чөлөөлөгдөж, 4 хоригдлыг УДШ цагаатгажээ. 
  6. 11878 - Сүүлийн 5 жилийн хугацаанд 10-14 насны 98 хүүхэд төрж, 215 хүүхэд үр хөндүүлсэн. Мөн хугацаанд 15-19 насны 11878 хүүхэд төрж, 2950 хүүхэд үр хөндүүлсэн байна. 
  7. 17 - 2025 оны 2 сарын байдлаар Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй эрэгтэй 39 хүүхдээс 17 хүүхэд нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр хүмүүжиж байна. 
  8. 771 - 2024 оны 10 сарын байдлаар бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт ял шийтгэгдсэн 771 хоригдол байгаа бөгөөд эдгээр хоригдлууд педофил сэтгэцийн эмгэгтэй этгээд мөн эсэхийг оношилж, эмчилгээ хийхгүй байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг дахин үйлдэх шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна. 
  9. 72.3 хувь - ХЭҮК-оос бэлгийн хүчирхийллийг шийдвэрлэсэн 40 хэрэгт 41 хохирогч байсан бөгөөд үүний 40 нь эмэгтэй хохирогч юм. Тэдгээрээс мэдүүлэг авсан 112 тохиолдлын 81 буюу 72.3 хувь нь эрэгтэй мөрдөгч байжээ. Энэ нь цагдаагийн байгууллагад эмэгтэй мөрдөгчийн хүний нөөц хангалтгүй байгаатай холбоотой аж. 
  10. 49 - Улсын хэмжээнд мэдүүлэг авах шаардлага хангасан буюу прокурор зөвшөөрөл олгосон нийт 565 өрөө байгаагаас 49 нь насанд хүрээгүй хүнээс мэдүүлэг авахад зориулагдсан байна.   

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe