Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл Монголчууд бид уйдах завгүй амьдарч байна. Ажил хөдөлмөр эрхлээд завгүй амьдарч байгаагаас өөр ойлголт шүү. Харин дээр дооргүй талцсан их хэрүүл, хэн нэгний алдаа, хувийн амьдралын өөг хайж, цахим орчинд хэдэн тал болон хуваагдаж, шаагилддаг байдлыг хэлсэн юм.
Өнөөдөр юу болох бол, ямар сенсац гарч ирэх бол, өнөөдрийн хэрүүлийн алим хэн байх бол гэх бодол төрж байгаагүй хүн ховор байх.
Тэгвэл яг өнөөдрийн сошиал дээрх болон улс төр дэх гол дүрүүд, сенсацын эзэд эрүүл мэндийн салбарын эрхэм түшээд болох Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нар байв.
Товчхондоо, өнөөдрийн УИХ-ын чуулганаар ЭМД-ын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Т.Мөнхсайхан нарын хэдэн сар үргэлжилсэн маргаан хурцдаж эхлэв.
Сүүлдээ нэг нэгнийгээ хууль хяналтын байгууллагад шалгуулахаа мэдэгдэж, эцэст нь ажлаа хийж явсан жирийн нэгэн хомрогонд нь өртөж, ажилгүй боллоо.
Нэг салбарын хүмүүс ийн ширүүн маргалдаж, улстөржиж байгааг харахад эрүүл мэндийн салбарын асуудал дээр яг хэнд нь итгэх вэ гэх асуултыг ч гаргаж ирэв.
Хоёулаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан, энэ салбарынхаа зовлон жаргал, алдаа дутагдлыг мэддэг хүмүүс байж салбарын мэргэжилтнээ өмөөрч, асуудалд нь анхаарч, тэмцэж, дуугарч чаддаггүй та хоёр өөрсдөөсөө ичих хэрэгтэй.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Энэ талцал эрүүл мэндийн салбарт муугаар нөлөөлж байна. Нэгдэж нийлээд эрүүл мэндийн салбарын хөгжлийг зөв удирдлагад оруулж, хамтдаа асуудлыг ярих ёстой” хэмээж байв.
Үнэн хэрэгтээ энэ хоёрын хэрүүл, талцлаас илүү эрүүл мэндийн салбарт муугаар нөлөөлж, муухай харагдуулж, энэ салбарыг бас иргэдийг хохироож байгаа асуудал бол хуулийн цоорхой, хэрэглээний зөрүүгээр хэлмэгдээд буй П.Батчулуун эмчийн “асуудал”.
Үнэхээр л салбараа, иргэдээ бодож байгаа юм бол хэлмэгдсэн эмчийнхээ асуудалд анхаарч, дутуу боловсруулсан хуулиа шинэчлэн чамбайруулж, донор хүлээн амь тэмцэж буй иргэдээ хэрхэн аврахад анхаарах хэрэгтэй.
Та хоёрыг энд талцаж, хэрэлдэж, хэн нэгний албан тушаалыг хольж сольж байх хооронд 27 хүний амийг аварч, 54 хүнд бөөр, 430 гаруй хүнд элэг шилжүүлсэн энэ салбарын жинхэнэ баатар, гавьяат эмч П.Батчулуун шоронд хоригдож, биеийн байдал нь улам муудаж байгааг санаарай. Бас донор хүлээн, өдөр хоногоо арай хийн өнгөрүүлж буй өвчтөнүүд хохирч байгаа шүү.
П.Батчулуун эмчийн буруу гэхээсээ илүү хууль боловсруулагч та нарын алдаа.
Салбарын мэргэжилтнүүдээ хамгаалж, иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай хүргэчхээд улс төржмөөр байна, ноёд оо.
Сэтгэгдэл үлдээх